“Эмнэлгийн ослын үеийн хариу арга хэмжээ болон хяналтын байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт бүсийн сургалт зохион байгуулагдлаа

ОУАЭА, АНУ-ын Аргоннын үндэсний лабораториос зохион байгуулсан “Эмнэлгийн ослын үеийн хариу арга хэмжээ болон хяналтын байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт бүсийн сургалт 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж, ОУАЭА, АНУ-ын Цөмийн энергийн комисс, Иелийн их сургууль, Калифорниын их сургууль, Сан-Андерсан хавдрын төв, Техасын эрүүл мэндийн төв, Охайогийн эрүүл мэндийн төвүүдийн экспертүүд хичээл зааж, Арабын Нэгдсэн Эмират, Буркина Фасо, Гана, Кени, Нигери, Маритус, Монгол, Морокко, Иемен, Пакистан, Катар, Сингапур, Тайланд, Зимбабве зэрэг улс орнуудын хяналтын байгууллагуудаас 34 оролцогч хамрагдлаа.

Тус сургалтаар туяа эмчилгээний чанар аюулгүй байдал, туяа эмчилгээний явцад гарч болзошгүй алдаа (хүний хүчин зүйл, багаж тоног төхөөрөмж, программ хангамж ...)-ууд тэдгээрийн мөрөөр хяналт шалгалт явуулах, нөхцөл байдлын үнэлгээ хийх (RCA), эмнэлгийн ослын үеийн хариу арга хэмжээний стратеги, эмнэлгийн байгууллагад аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд хяналтын байгууллагын үүрэг оролцоо, эмнэлгийн ослын нөхцөл байдлыг тодорхойлох, ослын тохиолдлыг мэдээлэхтэй холбоотой хяналтын байгууллагын үүрэг хариуцлагын талаар мэдлэг олж авлаа.

Цаашид хяналтын байгууллагаас туяа эмчилгээ болон цацрагийн үүсгүүр ашиглаж буй эмнэлгийн байгууллагуудын ослын бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсронгуй болгох, ослын нөхцөл байдал үүсэн тохиолдолд нөхцөл байдлын үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн ослын нөхцөл байдлыг мэдээллэх загвар хуудас болон тайлангийн загвар боловсруулж, мөрдүүлэх зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.