БНКАЗУ УРАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 2025 ОНЫ ЗОРИЛТОТ ТҮВШИНГЭЭ БУУРУУЛЛАА.
Казатомпром компани хүхрийн хүчлийн нийлүүлэлтийн улмаас 2025 оны ураны олборлолтын зорилтот түвшингээ 5000 тонноор бууруулсан боловч 2024 оны нийт олборлолтоос өндөр байх төлөвтэй байна.
Казатомпром компанийн гүйцэтгэх захирал 2024 оны 06 дугаар сарын 30-ны байдлаарх хагас жилийн санхүүгийн тайлангаа зарлахдаа 6 сарын хугацаанд 283 тэрбум тэнгэ (493 сая ам.доллар) буюу “санхүүгийн сайн үр дүн” үзүүлж, бидний орлого 13%, цэвэр ашиг 27%-иар өссөн. Тус компани саяхан Инкай 3 ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлэх тусгай зөвшөөрөл, Зүүн Жалпакийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус авсан, мөн Инкай 2 дахь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэсэн стратегийн чухал алхамууд болсон гэжээ.
Казатомпром компани ураныг урт хугацаагаар худалдах үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байгаа ба 2025 он хүртэл олборлолтын түвшингээ Газрын хэвлийн ашиглалтын гэрээний түвшинг 100 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан боловч 2025 оны үйлдвэрлэлийн хэрэгцээнд шаардлагатай хүхрийн хүчлийн нийлүүлэлт тодорхойгүй, шинээр ашиглалтад оруулах ордуудын бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа зэргээс шалтгаалж 2025 оны ураны үйлдвэрлэлийн зорилтот түвшингээ эргэн харах шаардлагатай болсон аж.
Казатомпром 2025 онд 30,500-31,00 тонн уран үйлдвэрлэхээр төлөвлөж байсан байсан бол 25,000-26,500 болж бууруулахаар болоод байна. Гэхдээ энэ нь 2024 оны үйлдвэрлэлийн зорилтот түвшингээс 12 хувиар өссөн үйлдвэрлэл гэж мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдэл нь 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хагас жилийн арилжааны шинэчилсэн мэдээллээс үүдэлтэй бөгөөд тус компани 2024 оны үйлдвэрлэлийн зорилтот түвшингээ нэмэгдүүлсэн боловч хүхрийн хүчлийн хүртээмж хязгаарлагдмал, шинээр хөгжүүлж буй төслүүдийн барилгын ажлын хуваарь хойшлогдож байгаа зэрэг нь цаашдын үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүйг анхаарч байгаа аж.
Төслийн зураг төслийн баримт бичгийг боловсруулах, дараа нь батлахад шаардагдах хугацааг уртасгасанаар ил байгууламж, дэд бүтцийн барилгын ажил удааширч байгаа нь шинээр хөгжүүлж буй төслүүдийн үйлдвэрлэлийн хуваарийг их хэмжээгээр өөрчилж байна гэж Казатомпромоос мэдэгджээ. 2025 оны зорилтот түвшингийн өөрчлөлтийн ихэнх хэсэг нь Буденовское хамтарсан компанийн барилгын ажил саатсантай холбоотой, учир нь тус компани 2025 онд 4000 тн уран олборлохоор батлагдсан байсан ч, үүндээ хүрэх боломжгүй болж 1300 тн уран олборлох төлөвтэй байна.
Казатомпромын газар доор уусган олборлох процессын гол урвалж болох хүхрийн хүчлийн нийлүүлэлтээс шалтгаалсан алдагдал 2023-2024 оны үйлдвэрлэлтэд ордуудын геологийн бүтцээс хамаарч уран олборлогч аж ахуйн нэгж, тэдгээрийн олборлолтын хурдад өөр өөрөөр нөлөөлсөн боловч хүхрийн хүчлийн нийлүүлэлтийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа нь 2025 оны үйлдвэрлэлийн зорилтот түвшинд ихээхэн нөлөөлж байна.
Казатомпром 2025 онд одоо хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх “хангалттай материалтай” гэж мэдэгдсэн бөгөөд жил бүр үүрэг хүлээснээс гадна олборлолтынхоо тодорхой хэсгийг нөөцөлж байдаг. Энэхүү стратегийн бодлого нь шинээр гарч ирэх өөр боломжуудыг ашиглах, үнийн зах зээлийн хэлбэлзэлд дасан зохицох, эрсдэлийг үр дүнтэй бууруулах, үйлдвэрлэлтэй холбоотой бэрхшээлүүдийн дунд ч гэрээний үүргээ биелүүлэх боломжийг олгодог байна.
Хүхрийн хүчлийн нийлүүлэлт, барилгын ажлын удаашралтай холбоотой өндөр түвшний тодорхойгүй байдлыг харгалзан 2026 он болон түүнээс хойшхи төслүүдийн бүтээн байгуулалт, хөгжүүлэлт, жилийн үйлдвэрлэлийн зорилтот түвшингийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Одооноос эхлэн дараа жилийн үйлвэрлэлийн зорилтоо өмнө жил нь зарлах биш тухайн жил, жилдээ зарлах болно гэсэн байна.
Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/