УКРАЙН УЛСЫН ЦӨМИЙН БАЙГУУЛАМЖИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Цөмийн болон цацрагийн ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн систем (USIE) нь цахим сайтад суурилсан платформ бөгөөд ОУАЭА-ийн гишүүн орнууд болон Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн болон цацрагийн осол бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенцид нэгдэн орсон орнуудын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд цөмийн болон цацрагийн осол болон хэвийн бус нөхцөл байдал, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл солилцдог нэгдсэн систем юм. Уг систем нь мэдээллийг дамжуулж, хадгалахдаа шифрлэх боломжтой бөгөөд 24/7 горимоор ажиллаж, мэдээллийг хянадаг.

Манай улс Цөмийн болон цацрагийн ослын шуурхай мэдээллийн систем (USIE)-д 2018 онд элсэн орж, 2019 оноос тус мэдээллийн системд бүртгэгдсэн гишүүн орнуудад гарсан цөмийн болон цацрагийн ослын мэдээллийг шуурхай хүлээн авч, мэдээллийг нэгтгэн боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, гарч болох эрсдэлийг бууруулах, цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын ослын бэлэн байдлыг хангуулах талаар арга хэмжээ авч байна.

Тус мэдээллийн системд Украйн Улсын Цөмийн хяналтын газраас дайны байдал зарласан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 14 удаа ОУАЭА болон гишүүн орнуудад цөмийн байгууламж болон Чернобылийн атомын цахилгаан станцын нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай мэдээлэн ажиллаж байна.

Чернобылийн АЦС-ын нөхцөл байдлын талаарх мэдээлэл:

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хориотой бүсэд байрлах Чернобылийн АЦС-ын бүх байгууламжийг ОХУ-ын зэвсэгт хүчин хяналтад авсныг мэдэгдсэн. 02 дугаар сарын 24-ний өдрийн цацрагийн хяналтын системийн хэмжилтээр цацрагийн тунгийн хэмжээ нь 2021 онд тогтоосон жилийн дундаж түвшнээс 5.0-15.77 дахин их, 2.05 мкЗв/ц-аас 9.46 мкЗв/ц хүртэл заасан бөгөөд энэ нь хүн амд аюул учруулахуйц хэмжээнд хүрээгүй байна. Тус бүсэд одоогоор нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бөгөөд цацрагийн тунгийн чадлын түвшин хэвийн хэмжээнд байгаа тухай тус байгууламжийн холбогдох албан тушаалтнууд тухай бүр шуурхай мэдээлж байна. 

“Запорожье” цөмийн эрчим хүчний станцын талаарх мэдээлэл:

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Киевийн цагаар 01:40 цагт ОХУ-ын цэргийн хүчин “Запорожье” эрчим хүчний станцын талбайг их буугаар буудаж, үүний улмаас тус байгууламжийн талбайд гал гарсан. Өглөөний 06:20 цагийн байдлаар Украины Онцгой байдлын албаныхан галыг бүрэн унтраасан байна.

“Запорожье” цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС)-ын блокууд бүрэн бүтэн байна. 1-р реакторын нөөц усны барилгууд гэмтсэн бөгөөд энэ нь реакторын аюулгүй ажиллагаанд нөлөөлөөгүй байна. ЦЭХС-ийн аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой систем, эд ангиуд хэвийн ажиллаж байна. Одоогоор цацрагийн нөхцөл байдлын өөрчлөлт бүртгэгдээгүй байна.

“Запорожье” ЦЭХС-ын одоогийн нөхцөл байдал:

  • 1-р блок түр зогссон байсан.

  • 2, 3-р блокуудын эрчим хүч үйлдвэрлэлийг зогсоож, унтраах горимд шилжүүлэн реакторыг хөргөх ажил хийгдэж байна.

  • 4-р блок 690 МВт хүчин чадалтай ажиллаж байна.

  • 5 болон 6-р блокуудыг хөргөж байна.

Одоогийн байдлаар “Запорожье” ЦЭХС-ийн талбайг ОХУ-ын цэргийн хүчин эзэлсэн байна. Нас барсан болон гэмтсэн хүмүүсийн талаар мэдээлэл алга байна.

Станцын ажилтнууд эрчим хүчний блокуудын нөхцөл байдалд хяналт тавьж, аюулгүй ажиллагааны хэвийн горимын шаардлагуудыг ханган ажиллаж байна.

Эх сурвалж: Олон улсын атомын энергийн агентлагийн “Цөмийн болон цацрагийн ослын шуурхай мэдээллийн систем”