ОУАЭА-ААС ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧНИЙ ВАКЦИН НИЙЛҮҮЛЛЭЭ.

Монгол Улсад 2021 оноос эхлэн бүртгэгдэж, хурдацтай тархаад буй хил дамнан халдварладаг малын гоц халдварт өвчин болох үхрийн арьс товруутах өвчин нь одоогийн байдлаар 4 аймгийн 10 сумдад оношлогдож, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны “Цар тахлын хэв шинжтэй, мал, амьтдын гоц халдварт, хил дамнан халдварлах өвчнүүдийн оношилгоо, вакцины технологийг сайжруулах” үндэсний төслийн хүрээнд 178,000 еврогийн өртөг бүхий Бүгд Найрамдах Турк улсын Dollvet компанид үйлдвэрлэсэн “LSD-NDOL” фирмийн үхрийн арьс товруутах өвчний эсрэг 500,000 тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул зэрэг биетээр болон шууд хавьтлаар хурдацтай халдварлан үхрийг өвчлүүлснээр, мах, сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьс ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн эрсдэл үүсгэдэг олон улсын худалдааны хорио цээрт орсон өвчин юм.

Цөмийн энергийн комисс нь мал аж ахуйн салбарт цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх чиглэлд 1987 оноос олон улсын байгууллагын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тэр дундаа малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн “Малын бүтээгдэхүүн, малын эрүүл мэндийг сайжруулах”, “Малын эрүүл мэнд, малын бүтээгдэхүүний менежмент”, “Хил дамнасан малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, оношлох, вакцин үйлдвэрлэх”, “Хил дамнасан малын гоц халдварт өвчний вакцин үйлдвэрлэх, вакцинаар хангах”, “Хил дамнасан малын гоц халдварт өвчнийг оношлох, вакцин үйлдвэрлэх малын эрүүл мэндийг сайжруулах”, “Хил дамнан халдварлах малын шүлхий болон мялзан төст өвчний эрт үеийн оношилгоо, шуурхай хяналтыг хэрэгжүүлэх”, “Хил дамнасан малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох болон хүнсний аюулгүй байдлын статусыг сайжруулахад шинэ технологи нэвтрүүлэх”, “Малын гаралтай бүтээгдэхүүнд эм, химийн бодисын үлдэгдэл тодорхойлох, малын өвчнийг тандах судалгааг өргөжүүлэх”, “Малын өвчний оношлогоо, тандалт урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах”, “Цөмийн болон бусад аналитик арга ашиглан хүнсний бүтээгдэхүүний эмийн болон химийн үлдэгдлийг шинжлэхэд лабораторийн чадавхыг сайжруулах” зэрэг үндэсний хэмжээний төслүүдийг ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториудад хэрэгжүүлж нийт 2.9 сая еврогийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Төслийн үр дүнд Мал эмнэлгийн салбарт хил дамжин халдварладаг малын өвчний оношийг эцэслэн баталгаажуулж, эрсдэл өндөртэй бүс нутгийн лабораторийн техникчдийг сургах сүлжээг бий болгон, хил дамжин халдварладаг болон зооноз өвчнөөс сэргийлэх вакцин гарган авах нөхцөл бүрдсэн. Мөн малын шүлхийн өвчин гарсан үед нөөцтэй байх, өдөрт бог малын 100 мянган тун вакцин савлах чадалтай цехийг 2020 онд “Биокомбинат” УТҮГ-т ашиглалтад оруулсан.