ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлалын үеэр “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг байгуулж, тус баримт бичигт монголын талаас Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав, казахстан улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Койшибаев нар гарын үсэг зурлаа.

Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.

БНКазУ нь цөмийн түлшний циклийг хөгжүүлж, бүс нутаг төдийгүй дэлхийд цөмийн салбарын томоохон төлөөлөгч болохыг зорьж байгаа юм. Манай улс тус улстай цөмийн энергийн салбарт хамтран ажилласнаар тус улсын туршлага тухайлбал цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт өргөн ашиглаж буй байдал, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд авч буй арга хэмжээ, “ураны түлшний банк”, ураны олборлолт, боловсруулалтын туршлага зэргээс судлах, хамтран ажиллах боломжтой болно.

БНКазУ нь газар тариалангийн салбартаа цөмийн технологийг өргөн ашигладаг бөгөөд тухайлбал улаан буудайн тариаланг нэмэгдүүлэхэд цөмийн аргаар гарган авсан супер ус шингээгч бодисыг амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна. Мөн тус улс нь цөмийн судалгааны реактор болон хурдасгууруудтай бөгөөд эрүүл мэнд, аж үйлдвэрт шаардлагатай цацраг идэвхт изотопуудыг дотооддоо үйлдвэрлэн, хэрэгцээгээ хангадаг юм.

Мөн Казахстан Улс дэлхийд уран олборлолтоор тэргүүлж, дэлхийн ураны зах зээлийн 40 орчим хувийг хангадаг бөгөөд 2023 онд 21,000 гаруй тонн уран олборложээ. Уран олборлолтыг тус улсын үндэсний “Казатомпром” компани голлон гүйцэтгэдэг ба тус компани нь олборлосон уранаа гадаадын зах зээлд экспортолдог. Казахстан Улс нь 2009 оноос хойш уран олборлолтоороо Канад, Австралийг даван гарч, дэлхийд тэргүүлж байна.

Тус улсад нийт 20 гаруй ураны уурхай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь Өмнөд Казахстаны нутагт байрладаг. Олон улсын хэмжээнд Казахстан нь Хятад, Энэтхэг, Европын холбооны орнуудын чухал түнш бөгөөд 2017 онд Астанад ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр Бага баяжуулсан ураны банк нээн, оролцогч улсуудад цөмийн түлшний тогтвортой хангамжийг дэмжих нөөц бий болгосон юм.