АН АМЬТДЫН АЛЬ ГАЗАР НУТГААС ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙГ ТОДОРХОЙЛОХ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА

Тогтвортой изотоп тодорхойлох цөмийн шинжилгээний арга нь атом цөм өөр өөр тооны нейтронтой байдагт үндэслэдэг.

Бидний мэдэх Менделеевийн үелэх системий нэг нүдэнд байрласан химийн элемент нь нейтроны тоогоороо ялгарах өөр өөр цөмтэй байж болно. Жишээлбэл, натри нь протоны тоогоороо үелэх системд 11   дугаартай хэдий ч цөм нь нейтроны тооноос хамааран натри-24, натри-25 гэх мэт тогтворгүй төлөвт орших боломжтой. Үүнийг натрийн изотопууд гэнэ. Эдгээр изотоп нь бүс нутаг бүрд өөр өөр тархалттай байдаг тул идэш тэжээлээр дамжин тухайн бүс нутгийн ан амьтны биед өөр өөр агуулгатай байна. Амьтны үс, ноос, хумс зэрэгт шинжилгээ хийж агуулагдах изотопын харьцаагаар аль бүс нутгаас гаралтай амьтан болохыг тогтоодог.

Бразилийн их сургуулийн Экологийн тэнхимийн профессор, биологич Г.Б. Нардотто "Бид хөхтөн амьтдын үс, хумс, шүд зэрэгт кератиныг шинжлэх боломжтой. Кератин нь нүүрстөрөгч, азот, хүчилтөрөгч, устөрөгчөөс бүрдэх ба эдгээр элементүүдийн тогтвортой изотопын харьцааг тодорхойлж бүс нутгуудын усан дахь изотопын харьцаатай тулгаснаар аль бүс нутагт идээшдэг ан амьтан болохыг тогтоож байна.” гэсэн юм. Түүнчлэн бүс нутгийн ус, хөрсний изотопын харьцааг амьтан үржүүлгийн газруудын ус, хөрсний дээжтэй харьцуулснаар илүү баталгаатай мэдээлэл гаргаж авдаг гэжээ.

Ийм аргаар хөхтөн амьтдаас гадна Амазон мөрний шар толботой яст мэлхий, арапайма гигас загас, матар зэрэг амьтдыг хууль бус агнуур, худалдаа наймааг хянаж байна. Мөн гарал үүслээр нь амьтдыг зэрлэг байгальд эргүүлэн тавих ажиллагааг зохион байгуулдаг ажээ.

Тогтвортой изотопын харьцаагаар газарзүйн гарал үүслийг тогтоох технологийг нэвтрүүлэхэд бус нутгийн ус, хөрс, мод, ургамал зэрэг байгаль орчны өгөгдлийн сан хамгийн чухал. Улс орон бүр өөрсдийн өгөгдлийн санг бий болгосноор дэлхий нийтийн хэмжээнд энэ технологийг нэвтрүүлж, байгаль орчин, ан амьтдыг хамгаалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.mongabay.com/2021/06/in-fight-against-wildlife-trafficking-brazil-police-turn-to-nuclear-science/