БРАЗИЛ УЛС УРАНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛАА СЭРГЭЭЛЭЭ.

Бразил улсын цөмийн түлшний циклийн (Indústrias Nucleares do Brasil (INB)) компани 40 жилийн дараа тус улсад ураны хайгуулаа сэргээж, үргэлжлүүлэх болсноо зарлалаа.

Үүний тулд INB компани нь уул уурхайн компаниудтай хамтран ажиллах, ураны эрэл хайгуул, уурхайн түншлэлийн хөтөлбөрийг эхлүүлж, үнэ цэнэтэй ашигт малтмалын асар их нөөц боломж бүхий бүс нутагт шинэ судалгаа хийх ажээ.

Тус компанийн ерөнхийлөгч хэлэхдээ “Үндэсний хэмжээнд ураны үйлдвэрлэл Ангра I болон Ангра II цөмийн эрчим хүчний станцуудын дотоодын хэрэглээнээс доогуур байгаа тул Ангра III цөмийн эрчим хүчний станцыг барьж дуусгахад ураны эрэлт нэмэгдэхийг харгалзан үзэж, энэ удаагийн ураны хайгуулын судалгааны шинэ үе нь тус улсын хувьд чухал цаг үед ирж байна” гэжээ.

Мөн сүүлийн жилүүдэд ураны үнэ 3 дахин өссөнийг тэмдэглээд “баяжуулсан уран экспортлох, орон нутгийн үйлдвэрлэлийн сүлжээнд нэмүү өртөг шингээх, мөн цөмийн түлшийг олон улсын зах зээлд нийлүүлэх хэлбэрээр цөмийн түлшний циклийг хөгжүүлэх боломжийг бий болгож байна” гэв.

Түүнчлэн тус компаниас 40 жилийн өмнө хийсэн судалгаагаар Бразил улс ураны нөөцөөрөө дэлхийд 8-д орж байсан гэв.

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр 1970-1980 оны хайгуулын ажлын үр дүнд Бразил улс 210 мянган тонн боломжтой ураны нөөцтэй болохыг тогтоосон. Гэвч 1980-аад оны дунд үеэс ураны хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийгдээгүй, зогссон байна.

Тус улсын 3 үндсэн том орд бол 1997 онд хаагдсан Минас-Жерайс муж дахь Покос де Калдас, 1999 оноос хойш ажиллаж байгаа Бахиа муж дахь Лагоа Реал/Каетите, нөгөө нь одоогийн Санта Квитериа гэж нэрлэгддэг Сеара муж дахь уран-фосфатын холимог бүтээгдэхүүн олборлохоор төлөвлөж буй Итатая орд юм.

Бразил улс нь 1982 оноос хойш уран олборлож байгаа бөгөөд одоогоор ажиллаж буй ганц уурхай нь 0.3%-ийн агуулга бүхий 10,000 тн ураны нөөцтэй, жилд 340 тн уран үйлдвэрлэх хүчин чадалтай INB компанийн Лагоа Реал/Каетите уурхай юм.

Мөн тус компани нь жилд 200-300 тн уран үйлдвэрлэх хүчин чадалтай зэргэлдээх Энгенхогийн уурхайн бүтээн байгуулалтыг 2017 оны 01 дүгээр сард эхлүүлж, 2017 оны 10 дугаар сараас үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байсан ч одоог хүртэл үйлдвэрлэл нь эхлээгүй байна.

Бразил улсын Эрчим хүчний сайд 2020 оны 01 дүгээр сард INB компанид хөрөнгө оруулалт хийснээр Каетите ордоос жилд 150 тн уран үйлдвэрлэх боломжтой бөгөөд 2023 он гэхэд 360 тн/жил уран болж өснө гэж мэдэгдэж байжээ.

INB компани болон бордоо үйлдвэрлэгч хувийн хэвшлийн Галвани компанийн хамтарсан Санта Квитериа консорциум нь Итатая ордоос жилд 2300 тн уран үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

2022 оны байдлаар Бразил улс 43 тн уран үйлдвэрлэсэн. Олборлосон уранаа бүгдийг нь дотооддоо хөрвүүлж, ихэнхийг нь гадаадад баяжуулсны дараа ашигладаг. Одоогоор тус улсын ураны жилийн хэрэгцээ 339 тн уран байна.

2022 оны 12 дугаар сард INB компани Ангра цөмийн эрчим хүчний станцад 2023-2027 оны хугацаанд UF6 хэлбэрээр 330 тн уран нийлүүлэх гэрээг ОХУ-ын “Росатом” компанитай байгуулсан. Мөн 2023 оны 05 дугаар сард АНУ-ын Вестингхаус компанитай Ангра I-д дахин ачаалах дэвшилтэт түлшний багцны нийлүүлэлтийг хийх 3 гэрээ байгуулсан байна.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/