Ану-ын ерөнхийлөгч Байден уур амьсгалын өөрчлөлтийн тухай парисын хэлэлцээрт эргэн нэгдэх шийдвэрээ гаргалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөсний маргааш буюу захиргааны ажлын эхний өдрийг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлаар эхэллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт дахин гарын зурах захирамжид албан ёсоор гарын үсэг зурж, АНУ-ын яам, холбооны агентлагуудад “цаг уурын хямралтай тэмцэх ажлыг нэн даруй эхлүүлэх” чиглэл өглөө. Уг хэлэлцээрт АНУ-ын дахин элсэх шийдвэр 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. “Би Жозеф Байден, АНУ-ын Ерөнхийлөгч, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Парист хийсэн Парисын хэлэлцээрийг анхаарч үзэн, АНУ-ын нэрийн өмнөөс гэрээний бүх зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч байна” хэмээн Ерөнхийлөгчийн зарлигийг уншсан.

Байден ерөнхийлөгчийн тангарагаа өргөх үйл ажиллагааны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ цаг уурын өөрчлөлт нь АНУ болон дэлхий дахины өмнө тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг бөгөөд энэ бол “Сорилтын эрин цаг” гэжээ. “Бид арьдчилал, үнэний эсрэг дайралтын ширүүн тэмцэлтэй нүүр тулгарч байна. Цар тахал газар авсан. Тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал хэмжээнээс хэтэрч, уур амьсгалын хямралтай тулаад байна.” үүнтэй тэмцэхэд АНУ томоохон үүрэгтэй оролцоно хэмээн дурдсан байна.

Хэлэлцээрт эргэн нэгдэх тухай АНУ-ын мэдэгдлийг НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес талархан хүлээн авсан бөгөөд 02 дугаар сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр болох юм. Антонио Гутеррес хэлэхдээ: “Өнгөрсөн жилийн уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн нүүрстөрөгчийн бохирдлын тэн хагасыг үйлдвэрлэж буй орнууд нүүрстөрөгчийн төвийг сахисан байхаар амласан. Ерөнхийлөгч Байдений энэхүү шийдвэр нь энэ үзүүлэлтийн гуравны хоёрт хүргэж байна. Гэхдээ энэ нь урт хугацааны асуудал бөгөөд уур амьсгалын хямрал улам хүндэрч, дэлхийн дулаарлын өсөлтийг 1.5 цельсийн хэм хүртэл хязгаарлах хугацаа шувтрах шатандаа явж байна. Энэхүү шийдвэр нь уур амьсгалыг өөрчлөлтөд илүү тэсвэрлэх чадвартай нийгмийг байгуулж эмзэг хэсгийг хамгаалахад туслах юм” гэж хэллээ.

2021 онд 11 дүгээр сард Шотланд Улсын Глазго хотод болох Цаг уурын өөрчлөлтийн 26 дугаар уулзалтаас өмнө 2030 он хүртэлх хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, цэвэр тэг рүү чиглүүлэх үндэсний хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг АНУ боловсруулах юм.

Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байж улмаар 1.5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм.

Энэхүү хэлэлцээр нь 2016 оны 11 дүгээр сард хүчин төгөлдөр болсон хэдий ч  тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 онд гэрээнээс гарах шийдвэр гарган, албан ёсоор зарлаж, 2020 оны 11 дүгээр сард дуусгавар болгосон. 2035 он гэхэд нүүрстөрөгчийн бохирдолгүй эрчим хүчний салбарыг бий болгох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд одоо байгаа нүүрстөрөгчгүй эх үүсвэр, түүний дотор цөмийн эрчим хүч, дэвшилтэт цөмийн технологийг хөгжүүлэхэд Иргэний Захиргаанаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байсан байна.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ эхний өдрөө  гүйцэтгэх 15 ажлын нэг нь Парисын хэлэлцээрт эргэн нэгдэх асуудал байв. Түүнчлэн уур амьсгалын хямралыг даван туулахад нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, шинжлэх ухааныг сэргээн босгох зэрэг зарлиг багтсан бөгөөд бүх гүйцэтгэх хэлтэс, агентлагуудыг “цаг уурын хямралтай тэмцэх ажлыг нэн даруй эхлүүлэх” чиглэлийг өгсөн байна.

Мэдээллийн эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Biden-Administration-prioritises-climate-on-first