Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Финляндын уул уурхайн компани уран олборлох хүсэлтэй байна

Финляндын уул уурхайн компани уран олборлох хүсэлтэй байна

Террафейм ХХК нь Соткамо уурхайгаас никель, цайр, кобальт олборлодог байна.

Финляндын төрийн өмчит уул уурхайн Террафейм ХХК /Terrafame Ltd/ Соткамо уурхайгаас дагалдагч хэлбэрээр уран олборлох хүсэлтээ Засгийн газартаа гаргахаар болжээ. Тус компани нь Финляндын зүүн хойд хэсэг дэх уурхайгаас уран олборлохоор зэхэж байсан Талвиваара Соткамо ХХК-ийг 2015 онд худалдан авсан байна.

Террафейм компани нь 11 дүгээр сарын эхээр Финляндын Хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн яаманд тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлөө гаргах төлөвлөгөөтэй байгаа ба хэрэв Засгийн газраас зөвшөөрөл олговол уран олборлолтын ажиллагааг 2019 оны сүүлчээр эхлүүлэх боломжтой гэжээ.   

Хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн яам Террафеймийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авмагцаа Соткамо, Кажаани хотын захиргаа болон хөрш хотууд, бусад дүүргээс санал авах юм. Санал боловсруулах явцад олон нийтийн байгууллага, хувь хүмүүс өөрсдийн дуу хоолойг хүргэх боломжтой гэж Террафейм онцолжээ.

Уран олборлохын тулд Террафейм компани нь засгийн газрын зөвшөөрлөөс гадна Финляндын Цацраг, цөмийн аюулгүй байдлын газрын зөвшөөрөл, Гадаад хэргийн яамнаас уран худалдах зөвшөөрөл авсан байх хэрэгтэй юм. Мөн түүнчлэн ураныг хил давуулан тээвэрлэхийн тулд Европын атомын энергийн нийгэмлэгээс /Euratom/ зөвшөөрөл авах шаардлагатай ажээ.         

Соткамо уурхайн дэргэд 75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн уран баяжуулах үйлдвэр байдаг бөгөөд хэрэв уран олборлолтыг эхлүүлэхээр болбол нэмж 10 сая еврогийн хөрөнгө оруулалт шаардагдах тухай Террафейм дурджээ.

Террафейм компанийн эзэмшиж буй уурхайн хүдрийн биет дэх ураны агууламж бага боловч орчин үеийн дэвшилтэд технологийн ашигласнаар эдийн засгийн ач холбогдол бүхий хангалттай хэмжээний уран олборлох боломжтой гэж тус компани үзэж байна.

Террафейм компанийн гүйцэтгэх захирал Жони Луккароинен хэлэхдээ “Бид 2 жилийн хугацаанд Соткамо уурхайн байдлыг системтэйгээр сайжруулж чадсан. Амьд организмыг ашиглан металл ялган авах био-уусгалтын арга /bioleaching/ нь маш үр дүнтэй учир манай байгаль орчны аюулгүй байдал өндөр хэмжээнд байдаг. Уран олборлох, борлуулахад хүдрийн боловсруулалт, био-уусгалтын аргыг сайжруулах шаардлагагүй, олборлох боломжтой хүдрийн биет дэх байгалийн нөөцийг ашиглаж болох юм” гэжээ.

Мөн түүнчлэн, “никел, цайрын олборлолттой харьцуулахад уран олборлолт нь эдийн засгийн ач холбогдол багатай боловч Террафейм компанийн ашиг нэмэгдэх боломжтой” гэж ерөнхий захирал Жони Луккароинен нэмж хэлсэн.

Төрийн өмчит Террафейм компани нь 2015 оны 8 дугаар сард дампуурлын ирмэг дээр байсан Талвиваара Майнинг компанийн уул уурхайн бизнесийг худалдан авсан.

Талвиваара Майнингийн охин компани болох Талвиваара Соткамо компани нь 2010 оны 4 дүгээр сард Финляндын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу Соткамо уурхайгаас ураныг дагалдагч хэлбэрээр олборлох тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Финляндын Хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн яаманд гаргасан байна. 2012 оны 3 дугаар сард тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 2014 оны 5 дугаар сард Хойд Финлянд мужийн төв захиргааны байгууллагаас уран олборлоход авах шаардлагатай байгаль орчны зөвшөөрлийг олгосон байна.     

Эх сурвалж: http://world-nuclear-news.org