Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

“Далур” ХК “Доброволное” ураны орд ашиглах зөвшөөрлийг авахаар болжээ

ОХУ-ын Засгийн Газрын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Курган мужид орших “Доброволное” ураны орд ашиглах зөвшөөрлийг “Далур” ХК-д олгосон байна. Тус компани нь “Росатом” төрийн өмчит корпорацийн уран олборлолт хариуцсан нэгж “АРМЗ” Ураны холдингийн охин компани юм.

“АРМЗ” ХК-ийн мэдээлж буйгаар 7067 орчим тонн ураны урьдчилсан нөөц бүхий Доброволное ордыг ашиглалтад оруулснаар “Далур” ХК-ийн жилд олборлодог 590 тонн ураны баяжмалын хэмжээг 2025 он гэхэд 700 тонн болгож нэмэгдүүлэх юм гэжээ.

“Далур” ХК нь Курган мужид 2001 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар Шумихин дүүрэгт байрлах Далматов болон Хохловын орд газарт олборлолт явуулж байна. “АРМЗ” ХК-ийн дурьдсанаар “Далур” ХК нь байгальд ээлтэй газар дор уусган олборлох (ГДУО) технологийг ашигладаг бөгөөд өөр нэг охин компани болох “Хиагт” ХК мөн адил Бүгд Найрамдах Буриад Улсын Витимскийн ордод тус аргаар олборлолт явуулдаг юм.

“АРМЗ” үзэж байгаагаар ОХУ-ын цөмийн салбарын хэрэгцээг хангахад "нэн тэргүүний чухал" алхам нь Курган мужийн гурав дахь ордыг ашиглалтад оруулах явдал юм. Үүнээс гадна “Доброволное” ордыг ашиглалтанд оруулснаар улсын төсөвт 25 тэрбум рубль (439 сая ам.доллар) төвлөрүүлэх бөгөөд Далматов болон Хохловын ордууд ашиглалтаас гарсан ч компани дахь одоогийн ажиллах хүч хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

“Далур” ХК нь ашигт малтмалын орд газрын бэлтгэл ажилтай холбоотой ОХУ-д мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаад байгаа юм. Тус компани нь холбогдох зөвшөөрлөө авсны дараа хүрээлэн буй орчны инженерийн судалгаа, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг төслийн баримт бичгийг боловсруулах замаар уурхайн байгууламжийн бэлтгэл ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн хуульд зааснаар Звериноголов дүүргийн оршин суугчидтай төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

“Далур” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Александр Бурутин хэлэхдээ: “Хэрвээ төслийн хэлэлцүүлэг амжилттай болвол 2018 оны эхээр ОХУ-ын улсын хяналтын байгууллага “Главгосэкспертиза”-аар үнэлгээ хийлгэнэ. Эдгээр дамжлагуудыг давж Засгийн газрын шинжээчүүдээс эерэг үнэлгээ авсан тохиолдолд л бид геологи хайгуулын ажлыг эхэлж, үйлдвэрлэл явуулах боломж бүрдэх юм” хэмээжээ.  

“АРМЗ”-ийн мэдээлснээр Звериноголов дүүргийн оршин суугчид “Далур” ХК-ийн үйл ажиллагааг өдий хүртэл дэмжсээр ирсэн бөгөөд энэ оны 01 дүгээр сарын сүүлээр Росатом корпорацийн ерөнхий захирал Алексей Ликачковд орон нутгийн эдийн засгийг дэмжих үүднээс Доброволное төслийг эрчимжүүлэхийг хүссэн утгатай захидал хүргүүлсэн байна. Дашрамд дурдахад “Далур” ХК нь Звериноголов дүүрэгт мэдээллийн төв байгуулахаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/UF-Dalur-gets-licence-for-Dobrovolnoye-deposit-07061701.html