Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Хөвсгөл, Дархан уул, Сэлэнгэ аймгуудын эмнэлгүүдэд хийсэн цацрагийн хяналт шалгалтын ажлын дүн

Цөмийн энергийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл мэндийн салбарт Цөмийн энергийн тухай Монгол улсын хууль, цацрагийн хамгаалалт аюулгүй байдалтай холбогдолтой дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, цацрагтай ажиллагчдад мэргэжлийн зөвлөмж чиглэл өгөх зорилгоор 2009 оны 11 дүгээр сарын 17- 28-ны өдрүүдэд Хөвсгөл, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын нэгдсэн эмнэлэг, Зүүн хараа-Мандал, Шарын гол сумын эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ.
 
Хяналт, шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд:
 
Эмнэлгүүдэд Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6, 32 дугаар зүйлийн 32.3.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.1.2, 43 дугаар зүйлийн 43.5, Монгол улсын эрүүлийг хамгаалах байгууллагуудад цацраг туяа үүсгэгч аппарат дээр ажиллахад дагаж мөрдөх дүрэм”-ийн 19, 28, 56, 103, Эрүүл мэндийн технологи: Аймгийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095 :2001 стандартын 6.2.11, 6.7.5, 6.11.4 заалтуудыг зөрчсөн нийтлэг зөрчлүүд илэрлээ. Үүнд:
 
1. Рентген аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авсны дараа холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүйгээс цацрагийн үүсгүүрийг улсын бүртгэлд оруулаагүй, тэдгээрт чанарын баталгаажилтын хэмжилт хийлгэж хяналтанд хамруулаагүй, ашиглах эрхийн зөвшөөрөлгүй үйл ажиллагааг эхлүүлсэн;
 
2. Байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг боловсруулан хянуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгоогүй;
 
3. Цацрагийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанг тушаалаар томилоогүй;
 
4. Рентген аппаратыг зориулалтын бус байранд суурилуулсан, рентген кабинет нь бүтэц зохион байгуулалтын хувьд холбогдох стандартын шаардлага хангахгүй, цацрагийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйгээс рентген техникч, өвчтөн үйлчлүүлэгчид үндэслэлгүйгээр цацрагийн нэмэгдэл шарлагад өртөх нөхцөл үүссэн;
 
5. Цацрагтай ажиллагчид, өвчтөн үйлчлүүлэгчдийг цацрагаас хамгаалах хувийн хамгаалалтын хувцас, хэрэгсэл дутагдалтай;
 
6. Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлгийн мэргэжлийн эмчийн үзлэгт огт хамруулаагүй буюу үзлэгийг тогтмолжуулаагүй зэрэг болно.
 
Авсан арга хэмжээний талаар:
 
Хяналтаар эмнэлгүүдэд ашиглагдаж буй рентген оношлогооны аппарат тоног төхөөрөмжийн ашиглалт, хүчин чадал, чанарын байдалд хяналт тавьж, рентген туяа үүсгэгч аппаратуудад тохируулга, чанарын баталгаажилтын хэмжилт, ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, хяналт шалгалтын ажлын дүнг үндэслэн 4 улсын байцаагчийн дүгнэлт, нийт давхардсан тоогоор 36 зөрчлийг илрүүлэн 6 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 5 албан шаардлага гарган, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
 
Дархан-уул, Хөвсгөл аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд ашиглалтын шаардлага хангаагүй, буюу рентген кабинетэд цацрагаас хамгаалах хамгаалалт хийгдээгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан зөрчлүүдийг илрүүлэн зөрчил дутагдлыг арилгуулж, хэвийн үйл ажиллагааг хангуулах хүртэл түр хугацаагаар рентген тоног төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг зогоох арга хэмжээ авч, улсын байцаагчийн акт үйлдэв. Хяналт, шалгалтын ажлыг аймгуудын мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагчидтай хамтран гүйцэтгэж, тэдэнд орон нутагт цацрагийн хяналтыг гүйцэтгэх талаар заавар зөвлөмж өгсөн байна.
 
Дүгнэлт / цаашид авах арга хэмжээний талаар/ :
 
 
Аймгийн эрүүл мэндийн газруудад:
 
Аймгуудын хэмжээнд эмнэлгүүдэд ашиглагдагдахгүй байгаа буюу эвдрэл гэмтэлтэй аппарат төхөөрөмжийн нэгдсэн судалгааг гарган тэдгээрт техник, засварын үйлчилгээ хийлгэх, засварлах боломжгүй хуучирсан аппаратуудыг ашиглалтаас гаргах, устгах асуудалд хяналт тавьж холбогдох газруудад мэдэгдэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Эмнэлгийн байгууллагуудад:
 
1. Рентген цацраг үүсгэгчтэй аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авсан тухайгаа ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газарт мэдэгдэж, цацрагийн үүсгүүрүүдийн улсын бүтргэлд оруулах, улмаар рентген аппаратанд тохируулга чанарын баталгаажилтын хэмжилт, үйл ажиллагаа явуулах байрны цацрагийн хамгаалалт аюулгүйн шаардлага хангасан эсэхэд үнэлгээ хийлгэн, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасны дагуу ашиглалтын зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.
 
2. Рентген оношлогооны аппарат тоног төхөөрөмжийг шинээр хүлээн авахдаа аппарат тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллага хооронд цацрагийн хамгаалалтын асуудлаар тодорхой гэрээ хийх, бүтэц, зохион байгуулалт, цацрагийн хамгаалалтын хувьд зохих шаардлага хангасан байранд рентген аппарат тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглахад анхаарах хэрэгтэйг үүрэг болгосон.
3. Цацрагтай ажиллагчдын дунд гарч буй мэргэжлийн өвчлөлийг бууруулах, ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх үүднээс эмнэлгүүдэд цацрагтай ажиллагчдыг нэгдсэн графикийн дагуу мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвд мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах, энэ асуудлыг цацрагтай ажиллагчид, байгууллага хоорондын хамтын гэрээнд тусгах нь зүйтэй.
 
4. Цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг тогтмолжуулах шаардлагатай.
 
5. Хүн ам үүний дотор цацрагтай ажиллагчид, өвчтөн үйлчлүүлэгчдийг цацрагаас хамгаалах, үндэслэлгүйгээр цацрагийн нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байх талаар анхаарч, ажлын байранд зохих стандартын дагуу цацрагийн хамгаалалт хийх, кабинетэд байвал зохих тооны хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах, рентген шинжилгээний үед хамгаалалтын хувцас хэрэгслийг цацрагтай ажиллагчид, өвчтөн, үйлчлүүлэгчдэд хэрэглүүлж хэвших, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах нь чухал байна.
 
 
 
 
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР