Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Хүний нөөцийг бэлтгэх

Дотооддоо хүний нөөц бэлтгэх

Цөмийн энергийн салбарт цөмийн эрчим хүчний инженер, цөмийн технологийн чиглэлээр хүний нөөцийг дотооддоо бэлтгэх зорилгоор МУИС-д цөмийн технологи, цөмийн эрчим хүчний мэргэжлүүдийг нэгтгэж 2015 оноос “цөмийн инженерчлэл” хөтөлбөрөөр жил бүр 25-30 оюутан элсүүлэн, бакалавр, магистрын сургалтаар хүний нөөц бэлтгэж байна. Түүнчлэн, цөмийн инженерчлэлийн сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд ойртуулах, багш нарыг чадаваржуулах, лабораторийн орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 157.4 мянган еврогийн төсөвт өртөг бүхий “Цөмийн шинжлэх ухаан. технологийн салбарт үндэсний чадавхыг сайжруулах” MON0011 төслийг Цөмийн физик судалгааны төвд хэрэгжүүлж байна.            

Цацрагтай ажиллагч байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг ТББ зэрэг байгууллагууд хамтран судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, геологи, уул уурхай, зам тээвэр, аж үйлдвэрийн салбарын цацрагтай ажиллагчдад зориулсан цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Одоогоор 2015-2017-онд цацрагийн хамгаалалтын сургалтад нийт 52 байгууллагын  (үүнээс 11 нь төрийн байгууллага, 41 аж ахуй нэгж)  153 ажилтан, албан хаагчийг хамруулж гэрчилгээ олгосон байна.

Цөмийн технологийн хэрэглээ, ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагаа, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн  талаар бодит мэдээллийг Ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдад   түгээх, мэдлэг олгох зорилгоор Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2016-2017 онуудад зохион байгуулсан. Сургалтад ЕБС-ийн  172 (давхардсан тоогоор) сургуулийн  349 багш,  214 сурагч хамрагдсан байна.

 ЦЭК-ын Ажлын алба Японы атомын энергийн агентлагтай хэрэгжүүлж буй  хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсад зохион байгуулагддаг “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хүрээлэн буй орчны цацрагийн хяналт, цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, цөмийн реакторын физик, цөмийн реакторын дулааны гидравлик, цөмийн реакторын аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр сургалтад оролцуулж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд Монгол Улсад “Дагалдах сургалт” зохион байгуулан, холбогдох байгууллагуудын албан хаагчдыг хамруулах сургалтыг 2012 хойш тогтмол зохион байгуулж байна. Сургагч багш бэлтгэх сургалтад жил бүр 5 албан хаагчийг тус сургалтад хамруулдаг бөгөөд одоогоор 30 албан хаагчийг сургагч багшаар бэлтгээд байна. ЦЭК-ын Ажлын албанаас 2015-2017 онд дагалдах 9 сургалт зохион байгуулсан.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөц бэлтгэх

ЦЭК-ын Ажлын алба 2009 оноос хойш байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд цөмийн энергийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд  ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн ашиглалт, цацрагийн хамгаалалт аюулгүй байдал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, ашигт малтмалын орд боловсруулалт, уул уурхайн хүрээлэн буй орчны хамгаалалт, цөмийн эрчим хүчний инженер, цөмийн физик, технологич зэрэг мэргэжлээр 2009-2017 онд ОХУ-д нийт 75 оюутан бакалаврын сургалтад, “МИФИ” Үндэсний цөмийн судалгааны их сургуульд магистр, докторын сургалтад 8 оюутан тус тус суралцаж байгаа бөгөөд одоогоор 16 оюутан төгсөж эх орондоо мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Мөн ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд их энерги, эгэл бөөмийн физик, онолын физик, цөмийн физикийн суурь болон хэрэглээний чиглэлээр ажиллаж, докторын хөтөлбөрт хамруулж байна. Түүнчлэн МУИС-ийн ЦФСТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Япон, АНУ, Англи, Швед, Австри, Канад зэрэг орнуудад цөмийн физик, цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр магистр, доктор, дипломын дараах хөтөлбөрт залуу судлаачид хамрагдаж байна. 

Цөмийн энергийн салбар дахь гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2015-2017 онд цөмийн эрчим хүч, цөмийн технологийн хэрэглээ, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр дараах байгууллагуудын төлөөлөл богино, дунд хугацааны сургалт, семинар, хурал зөвлөгөөнд хамрагдаж мэдлэгээ дээшлүүлж, туршлага судалсан байна. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, МУИС, ШУТИС, ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Геологийн төв лаборатори зэрэг юм.

ЦЭК-ын Ажлын албанаас Олон улсын атомын энергийн агентлаг, Ази, номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Азийн цөмийн хамтын ажиллагааны форум, Японы атомын энергийн агентлаг, Европын комисс зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэрээ, хэлэлцээр, төслийн хүрээнд 2015-2017 онд гадаад орнуудад эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, цөмийн энерги, цөмийн технологи, цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр богино хугацааны сургалт, семинарт 23 байгууллагын 400 гаруй албан хаагчийг (давхардсан тоогоор) хамруулсан.