Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

Цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хуралдаан зохион байгууллаа

Цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хуралдаан зохион байгууллаа

Цөмийн энергийн газар, Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамтай хамтран Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум /АЦХАФ/-ын  "Цацрагийн аюулгүй ажиллагаа, цацраг идэвхт хаягдлын менежмент" төслийн зохицуулагч нарын хуралдааныг 2013 оны 09 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү олон улсын хуралдаанд Австрали, Бангладеш, Хятад, Индонези, Казакстан, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам, Япон зэрэг 11 орны 16 төлөөлөгч оролцлоо. 
 
Хуралдаанаар АЦХАФ-ын гишүүн орнуудын цацрагийн аюулгүй ажиллагаа, цацраг идэвхт хаягдлын менежмент, цацрагийн ослын бэлэн байдал, гадаад орчны болон хүн амын шарлагын хяналтын асуудлуудыг хэлэлцсэн байна. Тус хуралдаанд Цөмийн энергийн газраас 3 төлөөлөгч оролцож, 2 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
 
Энэхүү хуралдаанаар гишүүн орнуудын төлөөлөгчид төслийн 2011-2013 оны  үйл ажиллагаа болон түүний гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж, нэгдсэн тайланг энэ оны 10 дугаар сард багтаан дуусгаж, Цацрагийн аюулгүй ажиллагааны мэдээллийн товхимолд нийтлүүлэхийг санал нэгтэйгээр зөвшөөрлөө. Түүнчлэн төлөөлөгчдийн гаргасан саналыг харгалзан үзэж, дараагийн 3 жилд төслийн хүрээнд ослын үед авах арга хэмжээ, ослын үеийн бэлэн байдал, цацраг идэвхт хаягдлын хяналт, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийн менежмент, тээвэрлэлт, ашигласан түлшний хадгалалт, ураны олборлолт, байгалийн гаралтай цацраг идэвхт материалын хаягдал зэрэг сэдвүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.
 
Япон улсын төлөөлөгчдийн тэргүүн, төслийн зохицуулагч Профессор Тошисо Косако оролцогчдын гаргасан саналыг нэгтгэн, төслийн зохицуулагчдын дараагийн хуралдааныг "Цацраг идэвхт хаягдлыг аюулгүй болгох, ослын нөхцөлд хүн амын  цацрагийн аюулгүй ажиллагааны дэвшил" сэдвээр Казахстан улсад зохион байгуулах санал дэвшүүлснийг хуралдаанд оролцогчид санал нэгтэйгээр зөвшөөрсөн байна. ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Г.Манлайжав, Төслийн удирдагч Профессор Тошисо Косако нар хуралдааныг хааж товч үг хэлэв.
 
 
Хуралдааны төлөөлөгчид 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойш Геологийн төв лабораторид зочиллоо. Төлөөлөгчдөд зориулан Геологийн төв лабораториос товч танилцуулга хийсэн ба тус лабораторид хийж буй эрдсийн шинжилгээний аргууд, гадаад орчны болон усны шинжилгээ, эрдсийг боловсруулах технологийн туршилтууд, ОУАЭА-ийн төслөөр авсан орчин үеийн цөмийн шинжилгээний шинэлэг багаж төхөөрөмжүүдтэй танилцлаа Лабораторийн үйл ажиллагаатай танилцсаны дараа төлөөлөгчид дугуй ширээний ярилцлага хийж, санал бодлоо илэрхийллээ. Энэхүү лаборатори нь орчин үеийн багаж төхөөрөмж, өндөр мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан болохыг төлөөлөгчид санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн ба цаашид хүний нөөцийн тогтвортой  бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийттэй харилцах асуудалд анхаарах нь лабораторийн үйл ажиллагаанд чухал болохыг төлөөлөгчид цохон тэмдэглэлээ.
 
Нээлттэй семинар
 
Олон улсын энэхүү хуралдааны хөтөлбөрийн хүрээнд оюутан, залуу судлаач, цацрагийн хяналтын мэргэжилтнүүдэд зориулсан  "Цацрагийн аюулгүй ажиллагааны хяналт болон цацраг идэвхт изотопийн шинжилгээ" сэдэвт нээлттэй семинарыг Цөмийн энергийн газраас Монгол Улсын Их Сургууль, Геологийн төв лабораторитой хамтран 2013 оны 09 дүгээр 12-ны өдөр МУИС-ийн төв байранд зохион байгууллаа. Энэхүү нээлттэй семинарт олон улсын хуралдааны төлөөлөгчид, ЦЭГ-ын улсын байцаагч, мэргэжилтнүүд, МУИС-ийн багш нар болон Цөмийн физикийн болон цөмийн технологийн ангийн 3, 4-р курсийн 28 оюутан, ГТЛ-ийн залуу судлаачид, нийт 60 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус семинарт Япон, Тайланд, Казахстан, Монгол, Малайз, Вьетнам, Австрали, Индонез, Филиппин, Бангладеш зэрэг орны төлөөлөгчид илтгэл тавьсан ба Монгол Улсаас Геологийн төв лаборатори болон Цөмийн энергийн газраас тус бүр 1 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
 
Нээлттэй семинарыг МУИС-ийн доктор Б.Мөнхбат, ЦЭГ-ын Цацрагийн хяналт шинжилгээ, тохируулгын лабораторийн эрхлэгч, доктор Д.Орлох нар хөтлөн явуулсан. Нээлттэй семинарын ярилцлагын үед Монгол оюутнууд гадаад орнуудад тэтгэлэгтэй суралцах асуудлын талаар сонирхсон асуултууддаа Япон Улсын Профессор Тошисо Косако, Томоаки Вада нараас хариулт авлаа.
 
Тус семинар нь цацрагийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, цөмийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, залуу судлаач нарыг цаашид хөгжингүй орнуудад үргэлжлүүлэн суралцах, цацрагийн хамгаалалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах зэрэгт шаардагдах чухал мэдээллүүдээр хангаж, АЦХАФ-ын гишүүн орнууд цацрагийн аюулгүй ажиллагаа, цацрагийн шинжилгээ, цацраг идэвхт хаягдлын менежментийн асуудлаар харилцан мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ болсон бөгөөд семинарт идэвхтэй оролцсон нийт төлөөлөгчид, оюутан, залуу судлаач, мэргэжилтнүүд, семинарыг зохион байгуулахад хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлсэн МУИС, ГТЛ-ийн хамт олонд гүнээ талархаж байгаагаа ЦЭГ-ын Даргын зөвлөх, төслийн зохицуулагч Н.Оюунтүлхүүр нээлттэй семинарыг хааж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн байна.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР