Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Геологи, уул уурхайн салбарт

Геологи хайгуулын салбарт нүүрс, алт, мөнгө, зэс зэрэг үндсэн орд, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх, нүүрс, газрын тосны үе давхарга, түүний нягт, чанар, цооногийн хананы бетоны бэхжилт зэргийг тодорхойлоход цөмийн технологийг өргөн ашиглаж байна. 
 
Геологийн судалгаанд: Цөмийн технологийн судалгаа ба хэрэглээ манай оронд геологи хайгуул, уул уурхайн салбарт эхэлж нэвтэрсэн гэж болно. Үүний нэг тод жишээ бол МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн эрдэмтэн, мэргэжилтнүүд 1970-аад оны сүүлчээс Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн зэс, молибдений хүдэр ба баяжмалд үндсэн болоод дагалдагч элементүүдийн орцын хэмжээг цөмийн шинжилгэний аргаар нарийн тодорхойлсон явдал юм. Энэ ажлын үр дүнд зэсийн баяжмалыг дагалдан экспортод гарч байсан мөнгөний үнийг нэмж тооцох болсоноор улсын төсөвт олон сая төгрөгийн орлого орох болсон билээ. 
 
ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны төсөл, ЦЭГ-ын дэмжлэгтэйгээр Геологийн төв лабораторид чулуулаг, хүдэр, хөрс гэх мэт янз бүрийн геологийн дээжинд цацраг идэвхт нуклид тодорхойлох, ураны хайгуул олборлолтын үеийн дээжийг шинжлэхэд орчин үеийн цөмийн технологид суурилсан, шинжилгээний өртөг зардал багатай, өндөр нарийвчлал, давтац, бүтээмж бүхий багажит тоон шинжилгээний арга хэрэглэх боллоо. Эдгээр төхөөрөмжийг геологийн лабораторын судалгаа, шинжилгээний ажилд ашиглах болсноор ашинжилгээний ажлын хөдөлмөрийн бүтээмж өсч нэгэн зэрэг тодорхойлох элементийн тоо 20 хүртэл нэмэгдэн, химийн аргаар тодохойлход төвөгтэй зарим элементийг тодорхойлдог болж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Геологийн төв лабораторын шинжилгээний техник технологи олон улсын түвшинд хүрч шинжилж буй дээжийн тоо жилээс жилд нэмэгдэж, долгионы дисперсийн рентген флуоресценцийн спектрометр дээр шилэн дээж бэлтгэн геологийн дээжинд 44 элемент тодорхойлох арга, шахмал дээж бэлтгэн дээжинд 14 дагалдах элемент тодорхойлох зэрэг аргуудыг шинжилгээний ажилд эрчимтэй ашиглаж байгаагын үр дүнд олон мянган дээжинд шинжилгээ хийх захиалагчдын эрэлт хэрэгцээг ханган ажиллах болсон. Мөн 2009-2012 онд Эрдэс баялгийн цөмийн аналитик аргын шинэчлэлт төслийг амжилттай хэрэгжүүлж цацраг идэвхт элементийн шинжилгээ хийх өндөр бүтээмж хүчин чадал бүхий төнөг төхөөрөмжтэй 14 мэргэжилтэн бүхий Цацраг идэвхит материалын лаборатор байгуулсан.  
 
Улсын хэмжээнд хайгуул, олборлох түвшинд Оюу Толгой, Эрдэнэт, МонголРосцветмет нэгдэл зэрэг 17 байгууллага, Геологийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын газрын лабораториуд, МУИС, ШУТИС зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны эрхэлсэн хүрээлэн зэрэг 22 байгууллага эрдэс баялагийн нөөц, дээж, хөрс чулуулагийн бүтэц, найрлага зэргийг тодорхойлоход гамма, нейтроны цацраг идэвхт үүсгүүр, суурин болон зөөврийн цөмийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна.