Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Нийтлэл

Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахыг эсэргүүцэгчид хэнд үйлчилдэг вэ?

Монгол Улсад одоогоор уран олборлож буй ямар нэг газар, аж ахуйн нэгж байхгүй.
 
Ураныг орчин үеийн байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд өгөөжтэй технологиор олборлоход буруу зүйл байхгүй. Байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, амьдралын хэв маягийг сүйтгэн нүүрсийг урагш өдөр шөнөгүй ухаж, урд хөрш зөөж байгаа шиг уран нээгдсэн орд болгоныг онгичиж эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг бол буруу. Монгол Улсад одоогоор уран олборлож буй ямар нэг газар, аж ахуйн нэгж байхгүй. Тийн байтал уран олборлож байна, худаг ус хордуулж байна, хүн, мал амьтан хордож байна гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлэх боллоо. Манай хяналтын байгууллагуудаас тэдгээрт тулгамдаж буй асуудлууд дээр тухай бүрт нь хяналт шинжилгээ хийж цөмийн болон цацрагийн үйл ажиллагаатай холбоогүй гэдгийг баталсан байдаг. 
 
Үнэхээр цөмийн эрчим хүч ашиглах, уран олборлолт нь экологийн хувьд сүйрэл авчирдаг, ард иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулдаг бол АНУ, Франц тэргүүтэй 30 орон цөмийн эрчим хүч ашиглаж, Казастан, Австрали тэргүүтэй 16 орон уран олборлоно гэж үү. Харин эдгээр орон цөмийн эрчим хүч ашиглаж, уран олборлож улс орныхоо хөгжлийг хурдасгаж байна. Цөмийн технологигүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй гэдгийг сайн ойлгожээ.
 
Фукушимагийн ослын улмаас цөмийн эрчим хүчний аюулгүй байдалд эргэлзэх явдал газар авч олон улс орон дотооддоо тодорхой эсэргүүцэлтэй тулж эхэлсэн. Энэ эсэргүүцлээр далимдуулан манай зарим хувь хүн, улс төрийн бүлэглэл нь асуудалд шинжлэх ухааны үндэс суурь нарийвчилсан тооцоогүйгээр асуудалд хандан улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор асуудлыг дэвэргэж засгийн газрын бодлого, хөтөлбөрийг зогсоох, улс орны хөгжилд нэмэр үзүүлэх цөмийн технологийн үйл явцад саад учруулах, уран олборлох зэрэг үйл ажиллагааг саатуулахаар улайран зүтгэж байна.Фукушимагийн ослын дараагаас цөмийн эрчим хүчний эх үүсвэр ашигладаг ихэнх улс орон цөмийн аюулгүй байдлаа чангатгах, стандарт дүрэм, журмаа шинэчлэх, цөмийн эрчим хүчний станцад тавигддаг шалгуураа өндөрсгөсөн нь цөмийн эрчим хүч төдийгүй цөмийн салбарыг тодорхой өндөр стандарт бүхий хөгжилд түлхсэн юм. Олон улс орны туршлагаас харахад цөмийн салбар хэрхэн тухайн улсын хөгжлийг түргэтгэж, олон улсад эзлэх байр суурийг өндөрт гаргасныг харж болно. АНУ, ОХУ, Япон, ХБНГУ, Англи зэрэг хөгжилтэй орнууд энэ салбарт нэлээн амжилт олсон нь гарцаагүй билээ. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНХАУ, зүүн өмнөд ази, зүүн европын улс орнуудад цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох талаар үйл ажиллагаа нь эрчимжиж байна. 
 
Цөмийн эрчим хүчний станцад ураныг цөмийн урвалд оруулж, ялгарсан дулааныг нь аж үйлдвэрийн салбар болон олон нийтийн халаалтад ашиглахаас гадна хямд эрчим хүч үйлдвэрлэдэг. Судалгааны реакторт ураныг цөмийг урвалд оруулж хүнс хөдөө, аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэнд, шинжлэх ухаан, батлан хамгаалах салбарт шаардлагатай байгаа изотопуудыг үйлдвэрлэдэг. Тухайлбал эдгээр чухал изотопуудын нэг бол молибден-99 юм. Түүний тусламжтайгаар сая сая хүн хорт хавдраас сэргийлж байна. Мөн түүнийг оношлогоонд маш өргөн ашиглаж байна. Манай улсад шинээр нэвтрэх гэж буй PET-CT, SPECT-CT хэмээх төхөөрөмжүүд хүртэл энэ изотопоор тоноглогдох юм.  
 
Цөмийн эрчим хүч ашиглах, бүх заавар, стандарт журмыг боловсруулж, зохицуулж, хянаж байдаг дэлхийн 158 орныг гишүүнчлэлдээ багтаасан Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) гэдэг байгууллага байдаг. НҮБ-ийн харъяа энэ байгууллага нь эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол шинжлэх ухааны салбарт цөмийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй гишүүн орнууддаа  хяналт тавих, экологийн болон технологийн осол болохоос урьдчилан сэргийлэх, тухайн улс орнуудын цөмийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, цөмийн салбарыг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх, зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Учир нь аливаа нэг цөмийн осол нь дан ганц тухайн улсдаа хамааралтай биш бүс нутаг цаашлаад дэлхий дахины асуудал байдаг тул маш чанд аюулгүй байдлын стандарт, дүрэм журмын дор аливаа цөмийн энергитэй холбоотой үйл ажиллагааг явуулах учиртай. Өөрөөр хэлбэл уран олборлоход учирч болох эрсдэл, цөмийн эрчим хүчний станц ашиглахад гарах сөрөг үр дагавар, цөмийн хаягдлын талаарх асуудлыг ОУАЭА-аас боловсруулан гаргасан стандарт хэм, хэмжээ, аюулгүйн нормын хүрээнд улс орнууд шийдвэрлэдэг. Тийм учраас цөмийн хаягдал булшилна, уран олборлоно, цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болно гэдэг бол олон улсын хяналт, нарийн төлөвлөлт, тодорхой стандартын хүрээнд явагддаг.  
 
Эндээс дүгнэхэд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахыг эсэргүүцэгчид хэний эрх ашигт үйлчилж байна вэ? 
 
Монгол Улс байгальд ээлтэй, хүн ам, хүрээлэн буй орчинд аюулгүй орчин үеийн техникийн дэвшлийг ашиглан эдийн засгийн эргэлтэнд оруулж улс орны хөгжлийг түргэтгэж болохгүй, цөмийн салбарын хөгжүүлж болохгүй, цөмийн болон цацрагийн хяналтаа сайжруулж болохгүй, хил дамнасан аюул нүүрлэхэд цөмийн салбарын төв байгууллага нь хяналтгүй, ажиллах чадваргүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, бусад салбаруудад ашиглаж түүний аюулгүй байдлыг хангаж болохгүй ёстой юу? 
 
Энэ Монгол Улсын эрх ашиг уу эсвэл байгаль орчин, ногоон хувьсгалаар нүүрээ нуусан хэсэг бүлэг улс төрч, хувь хүмүүсийн эрх ашиг уу? Бүр эсвэл Монголыг мөхөөх гэсэн гадны бодлогын золиос болж яваа улс уу?  
 
Ц.Хангай