Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Улсын байцаагчид өмнөговь, дорноговь аймгуудад ажиллалаа

Цөмийн Энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөө болон Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажилд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон зарим эмнэлгүүдэд цацрагийн хяналт шалгалт хийлээ.
 
Шалгалтын явцад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд төрийн захиргааны байгууллагаар батлуулсан аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг зөрчих, тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцөлийг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Хяналтаар нийт 27 зөрчил илрүүлж, 4 байгууллагад 6 зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээ авч ажиллав. Эндээс илэрсэн зөрчлийг арилгуулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 4 байгууллагад улсын байцаагчийн 19 заалттай албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Ноцтой зөрчил гаргасан 1 байгууллага, 2 албан тушаалтанд 3 сая 840 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоов.
 
Эмнэлгийн байгуулллагын хувьд рентген оношлогооны аппаратыг хүлээн авч, суурилуулалт хийлгэхдээ ажлын байрны цацрагийн хамгаалалт аюулгүйн байдалд дүгнэлт гаргуулаагүйгээс ажлын байрны хамгаалалт болон цацрагаас хамгаалах хувийн хамгаалалтын хэрэгслийн хангалт муу, рентген кабинет зохион байгуулалтын хувьд шаардлага хангахгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулах зөрчлүүд гарч байна.
 
Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд Цөмийн Энергийн газраас хийж буй хяналт шалгалт, аюулгүй байдлын сургалт, хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр болон мэргэшсэн боловсон хүчингүйгээр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд арилжээ.
 
Дашрамд дурдахад “Гаммалоггинг” ХХК, “Монкаротаж” ХХК, “Галакси Гео Монголиа” ХХК-иуд улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу цацрагийн аюулгүй байдлын болон ослын төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан, цацрагтай ажиллагчдыг цацрагийн хэмжилтийн баталгаажсан багаж, хамгаалалтын хувцас хэрэгсэлээр хангасан, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах болон цацрагийн үүсгүүрийн хадгалалт хамгаалалтын тал дээр санаачлагатай ажилласан байна.