Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Ярилцлага

С.Пүрэвсүрэн: Мардайн уурхайн орчим амьдарч байсан айлуудад цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж байсан

С.Пүрэвсүрэн: Мардайн уурхайн орчим амьдарч байсан айлуудад цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж байсан

Дорнодын Баяндун сумын нутагт орших уран олборлож байсан Мардайн уурхайн орчимд цацрагийн хэмжээ өндөр гарсан тухай хэвлэлээр багагүй бичигдлээ. Энэ талаар Цөмийн энергийн газрын Цөмийн хяналтын хэлтсийн улсын байцаагч С.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
 
Танай байгууллагаас Мардайн уурхайд хяналт тавьж байна уу?
 
Социализмийн үед ЗХУ-ын мэргэжилтнүүд мардайн ураны уурхайд ил болон далд аргаар олборлолт хийж байсныг ихэнх хүмүүс мэдэх байх. тухайн үеийн ил уурхайн үйл ажиллагааны явцад хуримтлагдсан ядуу агуулгатай хүдрийн тээвэрлэлгүй орхисноос уурхайн орчим нилээд хэмжээний овоолго үүссэн байдаг. Тийм учраас Мардайн уурхай болон Мардай тосгонд 1998 оноос Цөмийн энергийн комисс, 2003 оноос Улсын мэргэжлийн хяналтын газар, 2009 оноос Цөмийн энергийн газраас хяналт тавин ажиллаж байгаа. Японы судалгааны багын Мардайд хийсэн хэмжилтийн дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. Иймд бид дээрх мэдээллийн дагуу тухайн орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Энэ хяналт шалгалтанд тухайн хэмжилт хийсэн Японы судлаач оролцох боломжтой.
 
Мардайн уурхай орчмын цацрагийн тунгийн хэмжээ ямар байсан бэ?
 
Өнгөрсөн хугацаанд хийгдэж байсан хяналт, шалгалтаар далд уурхайн ам, ил уурхайн овоолго, ил уурхайн орчим тогтсон нуур, Мардай тосгон, тухайн талбайд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдийн хээрийн анги, уурхайн орчим амьдарч байсан айлуудад цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, хөрс, ус, хүдрийн овоолгоос сорьц авч байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлуулах шинжилгээнд хамруулж байсан.
 
Цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн нь зайнаас урвуу хамааралтай байдаг бөгөөд хэмжилт шинжилгээний дүнгээс үзэхэд ил уурхайн овоолго, далд уурхайн аманд тулгаж хийсэн хэмжилтийн дүн нь байгалийн цацрагийн фон хэмжээнээс 2,5-10 дахин их байсан боловч далд уурхайн амнаас 2 м, 4 м, 7 м, 1 км зайнд болон бусад хээрийн анги, нуурын орчимд хийсэн хэмжилтийн дүн нь байгалийн цацрагийн фон үзүүлэлтийн хэмжээнд байсан.
 
Энэхүү хэмжээ нь хүн, амьтны эрүүл мэндэд нөлөөлөх үү?
 
-Биднийг цацрагт өртүүлж буй эх үүсвэрүүдийн ихэнх нь байгаль дахь хөрс, ус, ургамал, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, агаарт агуулагдаж байдаг.
 
Сонирхуулж хэлэхэд, онгоцоор нэг хүн ойролцоогоор 6 цагийн нислэг хийхэд байгалиас авч болох цацрагийн шарлагаас 7 дахин их хэмжээний шарлага авдаг.
 
Мардай орчимд хийсэн шинжилгээний дүн нь байгалийн цацрагийн фон түвшний хэмжээнд байгаа учраас хүн, мал, амьтны эрүүл мэндэд шууд нөлөөлнө гэж үзүүлэхээргүй байна.
 
Бусад улс оронд зөвшөөрөгдөх хэмжээ нь ямар байдаг юм бол.
 
Дэлхийн дундаж фон түвшний хэмжээ нь 2,6 мЗв/жил байдаг ч ихэнх тохиолдолд 1.5-3.5 мЗв/жил хооронд хэлбэлздэг. Гэхдээ зарим оронд 50 мЗв/жил-ээс хэтрэх тохиолдол ч байдаг.
 
Өнөөгийн байдлаар хүн ам хамгийн олноор шарлагад өртөж буй газрыг Энэтхэгийн Кэрэла болон Maдрaс муж гэж үздэг бөгөөд тухайн мужуудад 140000 орчим хүн жилдээ дунджаар 15 мЗв/жил шарлага авдаг юм байна лээ.
 
Гэсэн хэдий ч, байгалийн энэхүү өндөр суурь түвшингээс шалтгаалан хорт хавдраар болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдал өсч байгаа гэдгийг нотлосон баримт байхгүй талаар Австралийн “Radiation and life”холбоо мэдээлсэн байдаг.
 
Японы судалгааны баг өнгөрсөн сард Мардайд судалгаа хийж, цацрагийн хэмжилт хийхдээ уурхайн шороог ил задгай орхисноос цацраг идэвхийн хэмжээ ихэссэн гэсэн мэдээлэл гарсан. Ийм судалгаа хийхэд танайхаас ямар нэгэн зөвшөөрөл авдаггүй юм уу? Танайд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?
 
Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагууд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрлийг авдаг. Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд болон бусад эрдэм шинжилгээний байгууллагууд заавал манай газраас зөвшөөрөл авах шаардлагагүй хэдий ч тодорхой мэдээллийг бидэнд өгч хамтран ажилладаг. Гэхдээ тухайн судалгаа, шинжилгээ хийх талбайн эзэмшигч, ашиглагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээж хийнэ. Таны хэлсэн Японы судалгааны баг манай байгууллагад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд хамтран ажиллах талаар хандаагүй.
 
Цацрагийг ямар багажаар хэмждэг юм бол.
 
Цацрагийг радиометрийн багажийн тусламжтайгаар хэмждэг. Цацраг нь хүний нүдэнд үзэгдэхгүй, үнэр, өнгөгүй байдаг тул заавал багажийн тусламжтайгаар илрүүлдэг. Тиймээс судалгаа, шинжилгээ хийхдээ тухайн цацрагийн тунгийн хэмжилт хийж буй багажинд баталгаажуулалт хийлгэсэн байх ёстой. Тэгж байж хэмжилтийн дүн нь хүлээн зөвшөөрөгддөг.
 
Танд баярлалаа.