Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Нийтлэл

Цөмийн технологи бол хүн төрөлхтний айдас биш ирээдүй юм

Цөмийн технологи бол хүн төрөлхтний айдас биш ирээдүй юм

1895 нээсэн рентген туяаны ачаар өнөөдөр сая сая хүний амийг аварч байна
 
Сүүлийн жилүүдэд манай улсад цөмийн технологи, цөмийн хэрэглээний талаар их ярих болж. Хожуу л ярьж байгаа болохоос биш цөмийн технологи, түүний хэрэглээ гэдэг нь өндөр технологи хөгжүүлсэн, хөгжингүй улс орнуудын эдийн засаг, хөгжлийнх нь салшгүй нэг хэсэг болоод удаж байна.
 
Гэхдээ энэ нь цөмийн хог хаягдлыг булшлах тухай асуудал огт биш юм. Сайны хажуугаар саар гэгчээр манайд хэзээ ч байгуулаагүй гэрээ, хэзээ ч булж болохгүй цөмийн хог хаягдлын талаар илүүтэй “сенсаац”-лаж байгаад харамсаж байна.
 
Харамсахын учир нь дэлхийн хөгжлийн ирээдүй болсон цөмийн технологи, түүний хэрэглээний оронд Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлах асуудлыг илүүтэй дэвэргэж гол асуудлыг бүрхэгдүүлж байгаад оршино.
 
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй бараг бүх орон, түүний сая сая иргэн цөмийн технолгийн үр шимийг өдөр бүр хүртэж байна. Эрдэмтэд ч “Цөмийн технологи хүн төрөлхтний ирээдүй”, хөгжлийг тодорхойлно гэдэгтэй санал нийлж эхэллээ. Нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, өдөр, цаг, хормоор өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтний ангаж цангасан их эрчим хүчний хэрэглээг гагцхүү цөмийн эрчим хүч л хангах учиртай болоод байгаа юм.
 
Цөмийн технологи гэдэг тийм ч хүн айгаад байх зүйл биш л дээ. Цөмийн цахилгаан станц ихэвчлэн байгалийн гамшиг, технологийн хоцрогдол, хүний буруутай үйл ажиллагаанаас болж осолдоход хүрдэг. Чернобиль, сүүлийн жишээ Фүкүшима гээд бүгд л хүний буруутай үйл ажиллагаанаас болж осолдсон нь тодорхой болсон. Мэдээж энэ тохиолдолд бол аюултай. Олон сая хүн эрүүл мэнд, үр удмаараа хохирдог гэмтэй. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Нөгөө талаасаа цөмийн технологийн зөв хэрэглээ нь хүн төрөлхтөнд юутай ч зүйрлэшгүй ач тусыг өгч байна. Анх цөмийн эрчим хүч, энергийг цэрэг дайны зориулалтаар ашиглаж байсан бол орчин үед энэ ойлголт өөрчлөгдөж, энх тайвны зорилгоор ашиглаж эхэлсэн. Ялангуяа дэлхий нийтээрээ маш их гачигдаж байгаа эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэж байна. Жишээ нь, Фүкүшимагийн атомын цахилгаан станц Японы эдийн засагт юутай ч зүйрлэшгүй хувь нэмрээ өгсөн байдаг. Харамсалтай нь уг станц байгалийн гамшгийн улмаас осолдож, Фүкүшима мужид багагүй хохирол учирсныг бид мэдэж байгаа. Гэвч станц осолдоход технологийн хоцрогдол нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэстэй. Учир нь Фүкүшима бол 1972 онд ашиглалтад орсон, үндсэндээ бол атомын эрчим хүчний хөгжлийн эхэн үе буюу 1950-иад оны технологиор баригдсан станц л даа. Одоо цагт бол энэ салбар хөгжлийнхөө хоёр, гурав дахь шатанд ороод явж байгаа билээ. Энэхүү ослын дараагаар Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг Японы Засгийн газар хаах шийдвэр гаргаж байсан ч ердөө хэдхэн хоногийн өмнө дахин сэргээх шийдвэр гаргасан нь цөмийн технологи, түүнээс гаргаж авах эрчим хүч ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж буйн бодит нотолгоо юм. Манай хоёр хөрш ч цөмийн цахилгаан станцынхаа тоог нэмэхээр төлөвлөж байна. Хятад улс гэхэд л аж үйлдвэрийн бүс нутагтаа ойрын ирээдүйд 50 станц нэмж барихаар барилга, төслийн ажлаа эхлүүлээд байгаа билээ.
 
Түүнчлэн цөмийн технологийг дэлхий нийтээрээ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хавдартай тэмцэх, цэвэр ус хайх, нөөцийг хадгалах, далай тэнгисийг хамгаалахад өргөнөөр ашиглаж байна. Хүн бүхний мэддэг нэгэн жишээг дурдахад 1895 онд эрдэмтэн Рентген “рентген цацраг”-ийг анх нээж, энэ нээлт нь ердөө сарын дараа эрүүл мэндийн салбарт нэвтэрч, улмаар хавдраар өвдсөн сая сая хүний авралын бурхан болж, бүтээгчийнхээ нэрийг хүн төрөлхтний түүхэнд мөнхөлсөн билээ. Одоо дэлхий дээр 30-аас багагүй өвчтөн цацрагаар эмчлэх эмчилгээнд ордог байна.
 
Германчууд Фишер-Тропшийн химийн урвалыг ашиглан анх удаа синтетик газрын тос үйлдвэрлэн дэлхийн II дайнд өөрийн түлшний хэрэгцээний ихэнхи хувийг хангаж байжээ. Дайны дараагаар олон орон энэ технологийг нэвтрүүлж хэрэглэх болсноос хамгийн алдартай нь Өмнөд Африкийн “Сасол” компани бөгөөд өөрийн улсын дотоодын хэрэгцээний 30 хувийг хангаж байгаа юм. Цөмийн дулааныг орчин үед газрын тос агуулсан элснээс газрын тос үйлдвэрлэх, газрын тос нэрэх, нүүрс шингэлэх, ус цэвэршүүлэхэд өргөн ашиглаж байна. Нобелийн шагналт “Ногоон хувьсгалын эцэг” гэгддэг АНУ-ын эрдэмтэн Норман Эрнест Борлоуг дэлхийн хөрсөнд байх органик азот нь дэлхийн хүн амын талаас доошгүй хувийг тэжээхэд хангалттай гэдгийг тодорхолжээ. Тиймээс сүүлийн үед ХАА-н бордоонд зориулж устөрөгч үйлдвэрлэх явдал энгийн зүйл болоод байгаа билээ.
 
Бидний сайн мэдэхээр сансрын уудмыг шинжлэн судлахад цөмийн физик, цөмийн технологи юутай ч орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуй салхины хөдөлгөөнийг хянахад хиймэл дагуул, бусад гараг ертөнц рүү сансрын хөлөг илгээх, дэлхийд аюултай сансрын биетийг устгах зэрэгт өндөр цогц мэдлэг, сансрын хүчтэй хөдөлгүүр шаардлагатай. Мөн цөмийн технологийг архелогийн олдворын нас тогтооход ашигладаг билээ.
 
Манай улс цөмийн технолийг хэрхэн ашиглаж байна вэ?
 
Манай улсад цөмийн физик, цөмийн технологийг судлах ажил 1965 оноос эхтэй. Олон Улсын Атомын энергийн агентлагт 1973 онд элссэн. 1975 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр 60 гаруй төсөл хэрэгжүүлж, 12 гаруй сая ам.доллар зарцуулсан байна. Хөдөө аж ахуйн салбарт хөрсний шимийг сайжруулж ургацыг нэмэгдүүлэх, ургамлын ургацыг чанаржуулах, мутацлах аргаар ашиг шимтэй шинэ сорт, шинэ үүлдэр гарган авах, малын ашиг шимийг сайжруулах, ус цэвэршүүлэхэд өргөн ашиглаж иржээ. Тухайлбал Дархан Ургамал газар тариалангийн хүрээлэнд үр тарианы ургамлын селекцийг амжилттай хэрэгжүүлж шинэ тутантуудыг гарган авч, мутантуудаар баяжуулсан байна.
 
Бэлчээр, тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах зорилгоор Цези-137, Берилли-7 зэрэг изотопыг ашиглан 6 төрлийн бактерийн бордоо үйлдвэрлэсэн бөгөөд одоогоор Дархан Ургамал газар тариалангийн хүрээлэн жилдээ 10-15 тонн бактерийн бордоо үйлдвэрлэж аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байна. ОУАЭА-тай хамтран малын шүлхий, бруцеллез, ям, сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж зарим өвчнийг оношлох бэлдмэл үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулж 2008-2010 онд 230 мянган тун вакцин үйлдвэрлэн Зүүн бүсийн аймгуудад хэрэглэсэн нь амжилттай болжээ. Түүнчлэн цөмийн технологийг ашиглан үхэр, хонь, ямаа, тэмээний генетик, үржил селекцийг сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй болгоход ашиглах технологийг нэвтрүүлэх судалгаа хийгдэж байна.
 
Үйлдвэрлэлийн салбарт технологийн процессийг хянах, барилга байгууламж, зам, далангийн барилгын ажлын чанарыг шалгах, хөрсний чийг нягтыг тодорхойлох, тусгай хамгаалалт, аюулгүй байдал, гаалийн хяналт, ачаа шалгах зэрэгт өргөн ашиглаж байна. Цооногийн каротаж хийх эрдэс минерал, чулуулгын элементийн анализ хийхэд гамма болон нейтрон цацрагийн үүсгүүр, зөөврийн рентген шинжилгээний багаж төхөөрөмжийг ул уурхайд ашиглаж байгаа. Боловсролын байгууллагад ч судалгаа, шинжилгээний ажилд цацрагийн үүсгүүрүүдийг өргөнөөр ашиглаж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт 156 эмнэлэгт дүрс оношилгоо хийхэд 326 рентген аппарат төхөөрөмж, 3 эмнэлэгт хавдар өвчний оношилгоо эмчилгээ хийхэд цацраг идэвхт изотопон үүсгүүр ашиглаж байгаа аж.
 
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд бид хүн төрөлхтний хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхахын тулд цөмийн технологи, түүний хэрэглээг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Энэ бол цөмийн хог хаягдлыг эх орондоо булшлахаас огт өөр зүйл юм билээ.
 
Г.Эрдэнэтөгст
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин