Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

Цацрагтай ажиллагчдын мэдлэг чадварыг дээшлүүлжээ

Цацрагтай ажиллагчдын мэдлэг чадварыг дээшлүүлжээ

Цөмийн энергийн газар, Оюутолгой ХХК-тай хамтран “Үйлдвэрт цөмийн хэмжүүр ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
 
Үйлдвэрт цөмийн хэмжүүрийг технологийн үйл ажиллагааг хянах, удирдахад ашигладаг бөгөөд энэ ажлыг хийдэг ажилчдыг сургалтанд хамруулах хүсэлтийг аж ахуй нэгж байгууллагуудаас тавьсаны дагуу сургалтыг явуулсан байна.
 
Сургалтанд Оюутолгой, Бороогоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Энержи ресурс, Апу, МCS зэрэг 13 байгууллагын 56 цацрагтай ажиллагчид хамрагдсан байна.
 
Цөмийн энергийн холбогдолтой хууль, тогтоомж, байгууллагын дотоодын хяналт, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, цөмийн физикийн үндсэн ойлголтын талаар оролцогчдод мэдээлэл өгчээ.
 
Мөн цацрагийн тун, тунгийн хязгаар, цацрагийн хамгаалалтын зарчим, аргууд, сэдвүүдээр ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын улсын ахлах байцаагчид хичээл заасан байна.
 
Түүнчлэн цөмийн хэмжүүр ашиглах үед цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, мэргэжлийн шарлагыг бууруулах, болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл зааснаас гадна цацрагийн хэмжилтийн багаж ашиглан хэмжилт хийх дадлага хийж цацрагтай ажиллагчдын мэдлэг чадварыг дээшлүүлжээ.
 
МУИС-ын доктор Н.Норов Цөмийн хэмжүүрийн ажиллах зарчим, хэрэглээ болон цацрагийн үүсгүүрийн цацрагийн хамгаалалтын тооцоо сэдвээр хичээл заасан нь сургалтанд оролцогчдын сонирхолыг ихээр татсан байна.
 
Дашрамд дуулгахад МУ-ын хэмжээнд 1200 гаруй цацрагтай ажиллагчид байдаг бөгөөд тэдгээрийн өртөж буй цацрагийн тунд Цөмийн болон цацрагийн хяналтын газраас хяналт тавьдаг байна.