2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Дэлхийн цөмийн эрчим хүчний өсөлтийн чиг хандлага

Дэлхийн цөмийн эрчим хүчний өсөлтийн чиг хандлага

Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс, газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүч зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү ашиглаж байна. Цахилгаан эрчим хүчний 39 гаруй хувийг нүүрс, 23 хүртэлх хувийг байгалийн хий, 16 хувийг усан цахилгаан станц, 10.3 хувийг уран, 5 хүртэлх хувийг нар, салхи, газрын гүний дулаан, 4 хувийг газрын тос, 2 хүртэлх хувийг бусад төрлийн эрчим хүч ханган ажиллаж байна. Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхийн эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчийг тодорхой хэмжээгээр сонирхох нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй БНХАУ, БНЭУ-ын хэрэгцээнээс шалтгаалж Азийн бүсийн эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байна. Энэхүү өсөж буй хэрэгцээг хангахын тулд ирэх жилүүдэд дэлхийн хэмжээнд олон тооны эрчим хүчний эх үүсвэр байгуулах шаардлагатай болж байна. Дулааны цахилгаан станц нь нүүрс шатааж их хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулдаг бөгөөд дэлхийн дулаарал, түүний гол эх үүсвэр хүлэмжийн хийг бууруулах асуудал нь хурцаар тавигдах болсон. Ялангуяа дэлхийн уур амьсгал, байгаль орчинд үзүүлж буй шууд болон шууд бус сөрөг нөлөөллийн талаар дэлхий дахинд хүчтэй яригдаж байна

НҮБ-ийн судалгаагаар одоо байгаа эрчим хүчний бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл хүлэмжийн хийн ялгаруулалт 2030 онд 40 хувиар, 2050 он гэхэд 2008 оны түвшнөөс 2 дахин ихэсч болзошгүй хэмээн тооцоолжээ. Ийнхүү Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох зорилгоор 2015 онд “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дүгээр бага хурал” хуралдан “Парисын гэрээ”-г баталсан бөгөөд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 80 хувиар багасган 1990 оны түвшинд хүргэх зорилт тавьсан.Уг гэрээнд 195 улс нэгдэж, энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн үеийнхээс 20С-аар бага хэмжээнд хязгаарлах хүчин чармайлт гаргах, хувь нэмрээ оруулах, хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон юм. Одоо ашиглаж буй эрчим хүчний эх үүсвэрээс цөмийн болон ус, нар, салхин эрчим хүчний эх үүсвэр хүлэмжийн хий бага ялгаруулдаг нь олон улсын судалгаагаар тогтоогдоод байна.

1954 онд анхны цөмийн эрчим хүчний станц ажиллуулж эхэлснээс хойш 66 жилийн хугацаа өнгөрч, одоогийн байдлаар дэлхийн 31 улсад 440 гаруй цөмийн эрчим хүчний реактор (нийт 390.5 ГВт суурилагдсан хүчин чадалтай) ажиллаж, дэлхийн цахилгаан эрчим хүчний 10.3 хувийг хангаж байна. ОУАЭА-ийн 2016 оны “Дэлхийн эрчим хүчний төлөв” тайланд цөмийн эрчим хүчний суурилагдсан чадал 2014 (390 ГВт) оноос 2040 он гэхэд 50 хувиар өсч ойролцоогоор 590 ГВт болно хэмээн тооцоолжээ. Мөн оны үед дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэх чадал 11,200 ГВт болох бөгөөд Ази тив тэр дундаа БНХАУ-ын хувьд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 33 хувиар нэмэгдэнэ гэж үзжээ. Харин цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүч нь 11 орчим хувийг эзэлсэн хэвээр байхаар тооцоолсон байна.

https://www.youtube.com/watch?v=b-Bwo65wl2c

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн тэргүүлэгч улс болох АНУ нь 1960-аад оноос хойш цөмийн эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч улс байсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын 98 цөмийн реактор нь 99.8 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтайгаар улсынхаа эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангаж байгаа бол БНФУ-ын хувьд нийт эрчим хүчний 72 хувийг, Украин Улсын 55 хувийг ЦЭХС- аар тус тус хангаж байна.

Сүүлийн жилүүдэд ЦЭХС-ыг барих ажлыг эрчимтэй явуулж буй БНХАУ-д цөмийн эрчим хүчний 47 реактор ажиллан, 45.7 ГВт.цаг (тус улсын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 4.2 хувь) эрчим хүч үйлдвэрлэж буй бөгөөд шинээр 12 реакторыг барьж байна. Цаашдаа цөмийн эрчим хүчний чадлыг 4 дахин нэмэгдүүлж, 42 реакторыг барихаар төлөвлөн, нэмж 170 реактор барихаар зорьж, суурилагдсан хүчин чадлыг 2030 онд 200 ГВт, 2050 онд 400 ГВт болгохоор төлөвлөөд байна.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦ ШИНЭЭР БАРЬЖ БУЙ ОРНУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхийн эдийн хомстол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчийг тодорхой хэмжээгээр сонирхож эхэлсэн. Цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй гэдэг онцлогоороо хүн төрөлхтөнд тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход чухал үүрэгтэй болохыг олон улсын эрдэмтэд судлаачид онцолж буй бөгөөд цаашлаад хямд эрчим хүчний эх үүсвэр, олон талын зориулалтаар ашиглаж болохын хувьд бусад эрчим хүчний эх үүсвэрээс давуу талтай байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад 54 реактор баригдаж байгаа ба тэдгээрийн гуравны хоёр нь Ази тивд ногдох бөгөөд дийлэнх нь БНХАУ-д баригдаж байна.

Анх удаа цөмийн эрчим хүчний станц барьж буй улсаар Арабын Нэгдсэн Эмират, Беларусь улсууд нь цөмийн эрчим хүчний реакторын барилгын ажлыг эхлүүлээд байгаа бол дэд бүтцээ хөгжүүлсэн Литва, Турк улсууд цөмийн эрчим хүчний реактор барих албан ёсны гэрээг байгуулаад байна.