Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Уран боловсруулах үйлдвэрийн цөмийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжийн тухай

Уран боловсруулах үйлдвэрийн цөмийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжийн тухай

Олон Улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Цөмийн энергийн агентлагаас хамтран 2 жил тутам эрхлэн гаргадаг ураны олборлолт, эрэлт, нийлүүлэлтийн талаар “Улаан ном” тайлангийн 2018 оны хэвлэлд нэг килограмм ураныг 260 хүртэлх ам. доллларын өртгөөр олборлох боломжтой 7.9 сая тонн, 130 хүртэлх ам. долларын өртгөөр олборлох боломжтой 6.4 сая тонн ураны нөөц дэлхий хэмжээнд бий гэж тооцжээ. Дээрх нөөцийн 95 хувийг 15 улс орон эзэмшиж байгаа бол үлдсэн 5 хувь нь 22 улсад  ноогдож байна.

Монгол Улсын хувьд 166.6 мянган тонн батлагдсан ураны нөөцтэйгөөр дэлхийн нөөцийн 2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь манай улсын өмнөд хэсэгт элсэн чулууны ордын төрөлд хамаарах ролл-фронт, табулар дэд төрөл (Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Хараат, Хайрхан, Гурвансайхан), зүүн хэсэгт галт уулын ордын төрөлд хамаарах стратабоунд, структур-боунд дэд төрлийн томоохон ордууд юм.

Ураны хүдрийн баяжмал (УХБ) буюу шар нунтаг нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энхийн зорилгоор ашиглах цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн эх үүсгүүр материал гэж тооцогддог. Мөн УХБ нь цацраг идэвхт материал болохын хувьд цөмийн зэвсэг хийх үүсгүүр материал болох юм. Тиймээс УХБ буюу туршилтын шатанд үүсэх бүтээгдэхүүнийг хууль бусаар олж авах, зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх практик аюулгүй байдлын арга хэмжээ авах шаардлагатай байдаг.

УХБ-ыг биечлэн хамгаалах үйл ажиллагаанд зориулсан олон улсын зөвлөмж, гарын авлага хязгаарлагдмал байдаг. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц (CPPNM), түүний 2005 оны Нэмэлт өөрчлөлт, мөн ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын цуврал №13, Цөмийн материал болон цөмийн байгууламжийг биечлэн хамгаалах талаарх цөмийн аюулгүй байдлын зөвлөмж (INFCIRC / 225 / Revision 5) зэрэгт байгалийн ураныг "менежментийн зохистой үйл ажиллагааа" –ны дагуу хамгаалах ёстой гэж заасан байдаг.

Иймд ЦЭК-ын Ажлын албанаас “Уран боловсруулах үйлдвэрийн цөмийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж”-ийг боловсруулж, ураны хүдрийн баяжмалын хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг хэрэглэгч байгууллагуудад зөвлөмж болголоо.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА