Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Ази, номхон далайн бүсийн цөмийн аюулгүй байдлын баталгааны хуралд оролцлоо

Ази, номхон далайн бүсийн цөмийн аюулгүй байдлын баталгааны хуралд оролцлоо

Ази номхон далайн цөмийн аюулгүй байдлын баталгааны сүлжээ, АНУ-ын Эрчим хүчний яам, Вьетнам улсын Цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хяналтын газраас хамтран Ханой хотод зохион байгуулж буй “Цөмийн байгууламжаас бусад цөмийн материал бүхий байгууламжид аюулгүй байдлын баталгааг хангуулах эрх бүхий төрийн байгууллагуудад бүсийн хэмжээнд тулгарч буй асуудал, тэргүүн туршлага” сэдэвт хуралд Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөөлөгчид оролцлоо.

Хуралд Олон улсын атомын энергийн агентлаг болон АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар болон Азийн бүсийн 14 орны 28 төлөөлөгчид оролцож, улс бүр өөрийн улсын цөмийн аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлж буй сайн туршлага болон тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлсэн.

АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын төлөөлөгч хадагтай Оксана хэлсэн үгэндээ олон улсын хэмжээнд цөмийн материалын аюулгүй байдлын баталгаа, нэмэлт протоколын хэрэгжилттэй холбоотой асуудлууд бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал хэвээр байгаа учраас энэ асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцүүлж, одоогийн туршлагад тулгуурлан баталгааны хяналтын чадавхийг бэхжүүлэх талаар тодорхой асуудлуудыг хөндөж, хэлэлцэж шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн тухайгаа тэмдэглэн хэллээ.

Хуралдаанд цөмийн байгууламжтай улс орнуудаас гадна манай улстай адил бага хэмжээний цөмийн материал хэрэглэгч улс орнууд оролцож, цөмийн аюулгүй байдлын баталгааны хэрэгжилтийг хэрхэн өөрийн улсын түвшинд хангуулан ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцсан. Монгол улс ч мөн адил цөмийн аюулгүй байдлын баталгааны зохицуулалтын талаар сайн туршлага болон тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

Хурлаар цөмийн аюулгүй байдлын баталгааны хууль эрх зүйн зохицуулалт, холбогдох төрийн байгууллагын эрх үүрэг, зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагаа, төрийн байгууллага болон хэрэглэгч байгууллага хоорондын хамтын ажиллагаа, сургалт зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг явагдсан.

Хэлэлцүүлгийн үеэр цөмийн материалыг бүртгэх, хянах улсын системийг бэхжүүлэх, цөмийн материалыг тогтоох, таних, илрүүлэх, хяналтад хамруулахад нээлттэй мэдээллийг ашиглах, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс тодруулах, дотоод мэдээллийг ашиглах, зөвшөөрөл шаардлагагүй бага хэмжээний материалын талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан бүрдүүлэх нь зүйтэй талаар харилцан саналуудыг дэвшүүлсэн.

Үүнтэй холбогдуулан цөмийн аюулгүй байдлын баталгааг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, баталгааны зөвшөөрөл олгох процедурыг боловсронгуй болгох, цөмийн материалыг бүртгэх, хянах онлайн хялбар программ хангамж зохиож ашиглахаас гадна холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, бага хэмжээний цөмийн материал бүхий орны хувьд хэрэглэгч байгууллагын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны ажилтнуудад зориулсан сургалтад цөмийн аюулгүй байдлын баталгааны талаар мэдээлэл өгөх,  олон нийтийн сүлжээг ашиглан аюулгүй байдлын баталгааны талаарх мэдээлэл, сурталчилгаа, видео мэдээлэл хүргэж байх нь цөмийн аюулгүй байдлын баталгааг хангах үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой байна гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.