Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цөмийн аюулгүй байдлын баталгааны хэрэгжилт сэдэвт семинарыг зохион байгуулав

Цөмийн аюулгүй байдлын баталгааны хэрэгжилт сэдэвт семинарыг зохион байгуулав

ЦЭК-ын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газартай хамтран Олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгаа хөтөлбөрийн хүрээнд  “Цөмийн аюулгүй байдлын баталгааны хэрэгжилт” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Семинарт АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын Олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгаа хөтөлбөр хариуцсан менежер, Номхон далайн баруун хойд үндэсний лаборатори, Сандиагийн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүд болон Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хавдар судлалын үндэсний төв, Цөмийн физикийн судалгааны төв, Тагнуулын ерөнхий газар зэрэг 8 байгууллагын 13 албан хаагчид оролцлоо.

                Монгол Улс “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ”-г 1972 онд соёрхон баталсан бөгөөд МУ-ын Засгийн газар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)  хооронд байгуулсан баталгааны хэлэлцээрийн Нэмэлт протоколыг 2003 онд соёрхон баталсан.  Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь цөмийн аюулгүй байдлын баталгааг хангахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

Монгол Улсын Их хурал 2015 онд “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолын 1 дүгээр хэсгийн 3-т Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох үүргийг Засгийн газарт өгсөн.

Монгол Улс “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д нэгдэн орсноор цөмийн материалын хяналтын тооллогын улсын системийг бий болгох үүрэг хариуцлага хүлээнэ.

Энэ удаагийн семинарын зорилго нь цөмийн материалын хяналтын тооллогын улсын системийг бий болгох үүрэг хариуцлагын шаардлагыг хангуулахын тулд Монгол Улсын холбогдох төрийн байгууллагын албан хаагчдад Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын цар хүрээ, баталгаа хэрэглэх шаардлагатай цөмийн материал болон цөмийн бус хэрэглээнд цөмийн материал ашиглах тухай болон цөмийн материалын хяналтын тооллогын улсын системийг бэхжүүлэх талаар мэдлэг олгосноос гадна цөмийн материалын тайланг хэрхэн бэлтгэх талаар дадлагыг эзэмшүүлэв.

“Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д Монгол Улс нэгдэн орсноор манай улсад ашиглагдаж байгаа бүхий л цөмийн материал энхийн үйл зорилгоор ашиглагдаж буй гэдгийг баталгаажуулахаас гадна олон улсад Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг улам батжуулах юм.