Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

ЦИАМ-ыг олборлох, боловсруулахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагалдах зөвлөмжүүдийн тухай

ЦИАМ-ыг олборлох, боловсруулахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагалдах зөвлөмжүүдийн тухай

“Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” сэдэвт төслийн хүрээнд боловсруулсан Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагалдах зөвлөмжүүдийн тухай

Манай орны зүүн болон зүүн өмнөд хэсэгт 1940-өөд оны сүүлээр геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийгдсэнээр цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа эхэлсэн гэж үздэг.

Олон жилийн судалгааны үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрт ураны 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, 6 орд /Дорнод, Гурванбулаг, Мардай, Нэмэр, Улаан, Нарст/-ын нөөцийг хуучнаар ЗХУ-ын Ашигт малтмалын нөөцийн комисс /УАМНК/-оор хэлэлцүүлж бүртгүүлсэн байдаг. Нийтдээ 1.4 сая тонн ураны тойм нөөцийг үнэлсэн ба 1989-1995 онд Дорнодын ордоос ойролцоогоор 500 тонн уран бүхий 490 мян.тонн хүдэр олборлож, ЗХУ-д экспортолсон байна.

2009 онд УИХ-ын 45 дугаар тогтоолоор Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогын зорилт нь цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч тэргүүлэгч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд аюулгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршиж байна.

Бодлого батлагдсантай холбоотойгоор гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгаа хийж эхэлсэн ба 2019 оны 81 дугаар сарын байдлаар хайгуулын 12 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл тус тус бүртгэлтэй байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад ураны 12 орд /Дорнод, Улаан, Хараат, Хайрхан, Гурванбулаг (төв хүдрийн биет), Дулаан-Уул, Гурвансайхан, Өлзийт, Зөөвч-Овоо, Нэмэр, Мардайн гол, Энгэр ар/-ын хэмжээнд 180.7 мянган тонн геологийн нөөц тогтоогдож, үүнээс 9 ордын нөөц нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж батлагдсан.

Дээрх тоо баримтаас харахад аж ахуйн нэгжүүд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч олборлолт боловсруулалтын үйл ажиллагаагаа ойрын хугацаанд эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Иймд цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд тавигдах цацрагийн аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагуудыг тогтоосон дүрэм журам, дагалдах заавар зөвлөмжүүдийг шинээр боловсруулан батлах, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох шаардлага тулгарч байна.

Цөмийн энергийн тухай Монгол улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улс Европын холбооны “Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр /INSC/”-ийн хүрээнд  “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” сэдэвт төслийг 2013-2016 онд хэрэгжүүлж, Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Европын холбооны экспертүүд болон Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн оролцоотойгоор “Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг боловсруулан 2018 онд ЦЭК-ын хуралдаанаар батлан гаргасан бөгөөд энэхүү дүрмийн дагалдах дараах 6 зөвлөмжийг ийнхүү боловсруулсан. Үүнд:

  1. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн дотоод хяналт, шинжилгээний төлөвлөгөө боловсруулах зөвлөмж;
  2. Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааны хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөмж;
  3. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр боловсруулах зөвлөмж;
  4. Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаанд баримтлах цацрагийн удирдлагын хөтөлбөр боловсруулах зөвлөмж;
  5. Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах байгууламж, тэдгээртэй холбоотой бусад байгууламжийн хаалтын ерөнхий ба эцсийн төлөвлөгөө болон өртгийн тооцоо боловсруулах зөвлөмж;
  6. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үед ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулах зөвлөмж.

Эдгээр зөвлөмжүүдийг цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллагууд нь үйл ажиллагаандаа цацрагийн дотоод хяналт тавих, цацрагийн шарлагад өртөх замыг тодорхойлох, хэвийн нөхцөл болон аливаа ослын үед шарлагын тунг хязгаарлах зорилгоор авч хэрэгжүүлэх удирдлагын зохион байгуулалт, дэг журмыг тогтоох, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хаягдлын менежментийн төлөвлөгөө, байгууламжийн хаалтын ерөнхий ба эцсийн төлөвлөгөө, ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө зэргийг  боловсруулах зэрэгт ашиглах бөгөөд ажилтнууд болон одоо ба ирээдүйн хүн ам, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад чухал ач холбогдолтой юм.