Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Орос, Хятад цөмийн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүдийг үзэглэлээ

Орос, Хятад цөмийн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүдийг үзэглэлээ

“Сүүлийн зургаан жилд бид бараг 30 удаа уулзалджээ. Миний хувьд Орос орон хамгийн их зочилсон гадаад улс бөгөөд Ерөнхийлөгч Путин хамгийн ойр дотно анд, сайн хамтрагч юм. Энэ нь хоёр талын өндөр түвшний харилцаа, Хятад, Оросын хоорондын нягт стратегийн хамтын ажиллагааны хамгийн том тусгал” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпин ОХУ-aд хийж буй айлчлалын хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Энэхүү айлчлал нь Хятад-Америкийн худалдааны “дайн” өрнөж байгаа үед болж байгааг олон улсын ажиглагчид онцолж буй. Хятадын удирдагчийн ОХУ дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр зургаадугаар сарын 6-нд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон юм. Энэхүү форумын хүрээнд Орос-Хятадын эрчим хүчний бизнес форум зохион байгуулагдав. Тус арга хэмжээ БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачлагатайгаар хоёр дахь жилдээ болж буй. Бизнес форум нь хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, нэмэгдүүлэх зорилготой. Орос, Хятадын нийт худалдааны 40%-ийг эрчим хүчний түүхий эд эзэлж байна. 2018 онд эрчим хүчний түүхий эдийн худалдаа 40 тэрбум ам.долларт хүрчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш, эрчим хүчний цогцолборын хөгжлийн стратеги, экологийн аюулгүй байдлын асуудал хариуцсан Хариуцлагатай нарийн бичгийн дарга Игорь Сечин “Өнөөдөр эрчим хүчний зах зээлд Орос, Хятад нөлөө бүхий тоглогчид болсон. Хоёр улс дэлхийн эрчим хүчний түүхий эдийн нийт ашигт малтмалын 30%-ийг олборлож байна. Эрчим хүчний компаниудад хамгийн ирээдүйтэй салбарын нэг нь атомын цахилгаан станцын барилга байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлт юм. Цөмийн эрчим хүчийг хөгжүүлснээр ирээдүйд хурдацтай өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээний асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэжээ.  

Газрын тос. Оросын төрийн “Роснефть”, Хятадын “Sinopec”  2006 оноос газрын тос, байгалийн хийн “Удмуртнефть” компанийг хамтран эзэмшиж буй. Тус компани нь Оросын нутаг дахь 33 орд газарт хайгуул болон олборлолт явуулж байгаа бөгөөд 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хоёр улсын хамтарсан дараагийн нэг том төсөл бол жилд 16 сая тонн газрын тос боловсруулах Тянжины үйлдвэрийн бүтээн байгуулалт юм. Үйлдвэрийн эхний ээлжийг энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэдгийг Игорь Сечин мэдэгдэв. 2020 оноос жилд 9 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж эхлэх аж. Газрын тосны чиглэлээр “Газпром нефть” компанийн “Чонский” төсөлд Хятадын ZPEC компанитай хамтрах хэлэлцээр үргэлжилж байгаа юм. Хамтран ажиллах гэрээг Орос-Хятадын эрчим хүчний форумаар байгуулах хүлээлт Оросын талд байсан ч үзэглэсэнгүй. “Чонский” төслийн Эрхүүгийн бүс нутаг болон Якут дахь газрын тос, байгалийн хийн ордууд нь “Баруун Сибирь-Номхон далай” дамжуулах хоолойгоос 80 км зайд оршдог. Уг дамжуулах хоолойгоор түүхий эдийг Хятадын зах зээлд нийлүүлэх зорилттой. Төслийн олборлолтыг 2024 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ. 2030 он гэхэд бүрэн хүчин чадлаар жилд 5.35 сая тонн газрын тос газрын тос олборлох аж. Хятадын зах зээлд  түүхий газрын тосны нийлүүлэлтээр сүүлийн гурван жил Орос тэргүүлж байна. Оросоос  2018 онд 71.49 сая тонн түүхий газрын тос Хятад руу нийлүүлсэн нь өмнөх оныхоос 20%-иар өсчээ. 

Байгалийн хий. Талуудын хамтарч буй гол төсөл байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак мэдэгдсэн. Тэрээр “”Сибирийн хүч” хоолойгоор анхны бүтээгдэхүүнийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор Хятад руу нийлүүлж эхэлнэ гэдэгт бид итгэж байна” хэмээн форумд  онцолжээ. “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хийг Хятад руу нийлүүлэх түүхэн хэлэлцээрийг 2014 онд Москва хотноо үзэглэсэн байдаг. Дорнод чиглэлийн гэх энэхүү хоолойгоор Сибирийн Якут дахь Чаяндинский болон Эрхүүгийн бүс нутаг дахь Ковыктинский ордуудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Хятадад экспортолно. Хэлэлцээрийн дагуу нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд нийлүүлэх юм. Тэгвэл Оросын Өмнөд-Тамбейн байгалийн хийн орд газар дахь байгалийн хий боловсруулах “Ямал” үйлдвэрийн сүүлчийн гурав дахь ээлж өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсноор жилд 16.5 сая тоннын бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. “Ямал” төслийн 20%-ийг Хятадын CNPC корпораци, тус улсын “Торгоны зам” сан 9.9%-ийг тус тус эзэмшдэг. Орос, Хятадын тал байгалийн хий боловсруулах үйлдвэрийн “Арктик СПГ 2” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэхүү төслийн хамтын ажиллагааны гэрээг Ши Жинпины Москва дахь айлчлалын хүрээнд Оросын “Новатек”, Газпромбанк болон Хятадын “Sinopec“ корпораци байгуулав.

  

Цөмийн эрчим хүч. Оросын төрийн “Росатом” корпораци 2013 онд Хятадын Тяньванийн АЦС-ын дөрөв дэх блокийн барилгыг эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Өнөөгийн байдлаар Тяньванийн АЦС-д цөмийн эрчим хүчний дөрвөн блокийг “Росатом” барьж дуусгаад байгаа нь энэ. Нэмж  дөрвөн блок (шинэ үеийн “3+”) шинээр барих тухай санамж бичгийг Оросын корпораци Хятадын China National Nuclear Corporation (CNNC)-тэй өнгөрсөн онд байгуулсан юм. Энэхүү хэлэлцээр баталгаажиж БНХАУ-ын даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд талууд гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнчлэн, Хятадын Ляонин муж дахь“Сюйдапу” АЦС-ын 3,4 дүгээр блокийг барьж байгуулах нийт 1.7 тэрбум ам.долларын ерөнхий гэрээг “Росатом”, CNNC үзэглэлээ. Барилгыг 2021-2022 онд эхлүүлэхээр талууд тохиролцсон байна. Одоо “Росатом” нь Хятадад анх удаа хурдан нейтроны АЦС барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд тус улсад “Росатом” корпорацийн технологи, загвараар барьж байгуулсан реакторуудад цөмийн түлш, баяжуулсан уран зэрэг бүтээгдэхүүнээ Оросын тал нийлүүлдэг.

БНХАУ-ын дарга Ши Жинпиний  ОХУ-ад хийсэн айлчлалаар эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны  25 томоохон гэрээ хэлэлцээрийг байгуулав.  

Эх сурвалж: http://www.mongolianminingjournal.com