Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Нийтлэл

Цөмийн технологи – Геологи, уул уурхайн салбарын лабораторийн шинжилгээ судалгаанд

Цөмийн технологи – Геологи, уул уурхайн салбарын лабораторийн шинжилгээ судалгаанд

Цөмийн физикийн хууль, зүй тогтлууд нээгдэхийн хэрээр дэлхий дахинд цөмийн судалгааны арга, технологийг зөвхөн цэрэг дайны болон эрчим хүчний зориулалтаар төдийгүй анагаах ухаан, үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, геологи хайгуул, уул уурхай, зам гүүр, барилга байгууламж, хууль хяналт гэх зэрэг бүхий л салбарт хэрэглэж байна.

Цөмийн технологийн судалгаа ба хэрэглээ манай орны геологи хайгуул, уул уурхайн салбарт анх эхэлж нэвтэрсэн гэж болно. Үүний нэг тод жишээ бол МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн эрдэмтэн, мэргэжилтнүүд 1970-аад оны сүүлчээс Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн зэс, молибдений хүдэр ба баяжмалд үндсэн болоод дагалдагч элементүүдийн орцын хэмжээг цөмийн шинжилгээний аргаар нарийн тодорхойлсон явдал юм. Энэ ажлын үр дүнд зэсийн баяжмалыг дагалдан экспортод гарч байсан мөнгөний үнийг нэмж тооцох болсноор манай улсад олон сая төгрөгийн орлого орсон билээ. Одоо Эрдэнэтийн уулын үйлдвэрийн баяжуулах процессийг тогтмол хянахад цөмийн шинжилгээний багаж төхөөрөмжийг ашиглаж байна.

Сүүлийн жилүүдэд цөмийн шинжилгээний арга зүйг ашиглан хүрээлэн буй орчны бохирдол, ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг автомашин, гэрийн зуух, цахилгаан станц, газрын хөрс зэрэг ангиллаар нарийвчлан ялгаж тогтоох, ундаа ба хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металл, хортой зарим элементийн агуулгыг тодорхойлох зэрэг ажлыг эрчимтэй гүйцэтгэж байна.

Эрдэс баялгийн арвин их нөөцтэй Монгол орны хувьд геологи уул уурхайн салбарт, ялангуяа стратегийн орд газруудын нөөц, тоог нэмэгдүүлэх, ашиглах, уул уурхайн олборлох үйлдвэрийн технологид хяналт тавих, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг өргөтгөхөд лабораторийн шинжилгээ судалгааны ажил зайлшгүй шаардлагатай, салшгүй чухал хэсэг нь юм. Иймээс Монгол улсын нутаг дэвсгэр дээр геологийн зураглал, хайгуул шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, эрдсийн задлан шинжилгээгээр эцсийн үр дүнг тодорхойлох зорилгоор 1957 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Геологи Шинжилгээний Удирдах Газрын харьяанд (ГШУГ) “Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори” нэртэйгээр байгуулж Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын үндэс суурийг тавьснаас хойш түүхийн хуудас бичигдэн 60 гаруй жил өнгөрөөд байна.

Геологийн судалгаа шинжилгээний ажилд 1980-аад он хүртэл сонгомол химийн аргууд, оптик эмиссийн хагас тоон шинжлгээний арга хэрэглэж байв. Гэхдээ химийн сонгомол арга нь тодорхойлох элементэд саад болох бусад элементийг салгаж зайлуулах давуу талтай ч зөвхөн харьцангуй өндөр агуулгыг тодорхойлдог, шинжилгээний хугацаа удаан, зардал ихтэй зэрэг дутагдалтай талтай юм. Оптик эмиссийн хагас тоон шинжилгээний арга нь шуурхай, өртөг хямд, мэдээлэл сайтай боловч нарийвчлал, үнэмшил нь тоон шинжилгээний аргаас доогуур, зөвхөн агууламжийн талаар мэдээлэл өгдөг.

Геологийн  гол суурь болох эрдсийн түүхий эдийн лабораторийн шинжилгээ судалгааны ажлын үр дүн, чанар, найдвар, үнэмшлийг сайжруулахад, мөн дээр дурдсан шалтгааны улмаас цөмийн технологи ашигласан орчин үеийн багажит шинжилгээний аргыг өргөн нэвтрүүлэх зүй ёсны шаардлага гарч ирсэн билээ. Цөмийн физикийн шинжилгээний арга нь:

  • шуурхай буюу шинжилгээний хугацаа харьцангуй бага,
  • дээж бэлтгэл нь хялбар,
  • хөдөлмөрийн бүтээмж сайтай,
  • 70 хүртэл тооны элементийг нэгэн зэрэг тодорхойлох боломжтой,
  • элементийн агуулгыг 10-9–10-6 –аас хэдэн арван хувийн өргөн мужид буюу маш бага (илэрц төдий) агуулгыг тодорхойлох боломжтой,
  • мэдрэмж, нарийвчлал, давтац сайтай

гэх зэрэг маш олон давуу талтай тул олон улсын практикт орчин үеийн гео-шинжилгээний лабораториуд өргөн ашиглаж байна.

1981 оны сүүлээр Геологийн төв лабораторид цөмийн физикийн шинжилгээний аргыг геологийн салбарт нэвтрүүлэх зорилгоор Үнэмлэхүй нас, цөмийн физикийн аргын тасаг байгуулсан бөгөөд эхний 10 жилд бага чадлын пропорциональ тоолуур бүхий Am-241 изотоп үүсгүүртэй ЗХУ-д үйлдвэрлэсэн хоёр, гурван  сувагтай “Квант”, “РРК-102” анализаторууд,  АИ-100 сувагтай анализаторуудыг Шинжлэх Ухааны Академи, Геофизикийн экспедици зэрэг байгууллагаас цуглуулан өдөөх блокуудыг өөрсдөө хийж   шинжилгээний ажилд хэрэглэж байлаа. Эдгээр багажид хэрэглэж байгаа тоолуурын ялгах чадвар бага учир тодорхойлох элементийн тоо хязгаарлагдмал байв.

Геологи хайгуулын ажлын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тухайн үеийн Геологийн төв лабораторид байгаа техник, технологийн баазаар шийдвэрлэх боломжгүй байсан юм. 1980-аад оны дундуур Засгийн газрын дэргэдэх Цөмийн энергийн комисст ОУАЭА-ийн төслийг геологид нэвтрүүлэх талаар хүсэлт тавьсныг тус комисс дэмжиж 1989-2015 онд Олон улсын Атомын Энергийн Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны төсөл, 1995-2000 онд Япон улсын Техникийн хамтын ажиллагааны төсөл, 1997-2014 онд ХБНГУ-ын Техникийн хамтын ажиллагааны төсөлд тус тус хамрагдсан явдал Геологийн төв лабораторийн шинжилгээний ажилд чанарын цоо шинэ эргэлт гаргасан билээ. 

Геологийн төв лаборатори эдгээр төслийн хүрээнд рентген флуоресценцийн энергийн болон долгионы дисперсийн спектрометрууд, рентген дифрактометр, индукцийн холбоост плазмын атом эмиссийн спектрометр, гамма-спектрометр, альфа-спектрометр, түүнчлэн улсын төсвийн болон өөрийн хөрөнгөөр индукцийн холбоост плазмын масс спектрометр, рентген флуоресценцийн долгионы дисперсийн спектрометр зэрэг цөмийн технологид суурилсан үндсэн тоног төхөөрөмж болон дээж бэлтгэлийн төхөөрөмж, дагалдах сэлбэг хэрэгсэл, урвалж материал, стандарт загварын дээжийг хүлээн авч үйлдвэрлэлд нэвтрүүлсний зэрэгцээ боловсон хүчнээ Австри, Япон, Польш, ХБНГУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сургалтанд хамруулсан юм.

Ийнхүү цөмийн технологийн орчин үеийн тоног төхөөрөмжийг геологийн лабораторийн судалгаа, шинжилгээний ажилд ашиглах болсноор шинжилгээний ажлын хөдөлмөрийн бүтээмж, нарийвчлал, давтац сайжирч, тоон шинжилгээний аргаар нэгэн зэрэг тодорхойлох элементийн тоо (45 хүртэл) нэмэгдэж, химийн аргаар тодорхойлоход төвөгтэй элемент болон газрын ховор элементүүдийг нэг бүрчлэн шинжилдэг болж, элементийн агуулгыг тодорхойлох доод хязгаар 10-9–10-6 мужид хүрлээ. Тухайлбал, силикатын ислүүдийг химийн аргаар 7-14 хоногт тодорхойлдог бол эдгээрийг болон дагалдах нийт 44 элемент нэгдлийг рентген флуоресценцийн аргаар 1 өдөрт л тодорхойлдог болсон, газрын ховор элементүүдийг индукцийн холбоост плазмын масс спектрометрээр нэг бүрчлэн тодорхойлдог болсон зэрэг жишээ нь хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцсэн төдийгүй байгууллагын орлого нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлж байна. 

Тэгсэн хэдий ч техник технологийн өдөр тутмын шинэчлэл, шинжлэх ухааны хөгжил дэвшилтэй хөл зэрэгцүүлэн алхах шаардлага байнга урган гарч байдаг бөгөөд ялангуяа одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн сайжруулах хэрэгцээ шаардлага улам өсөн нэмэгдэж байна.

Түүнчлэн геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийхэд нэн шаардлагатай чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох техник технологи нэвтрүүлэх талаар олон жилийн турш яригдаж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр Геологийн төв лабораториос засгийн газар, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд удаа дараа санал оруулж байсны үр дүнд УУХҮЯ-наас үнэмлэхүй нас тодорхойлох тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 2018 оны улсын төсөвт 1.5 тэрбум төгрөг төлөвлөж, худалдан авах ажиллагааг эхлүүлээд байна. Геологийн төв лабораторийн инженерүүд Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох чиглэлээр Япон улсад магистрантурт суралцаж төгсөн, мэргэшсэн боловсон хүчний бааз суурийг бүрдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй. 

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ахмад ажилтан Б.Даваасүрэн