Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Гадаад мэдээ

Ураны зах зээл – 2018 оны II улирал

Ураны зах зээл – 2018 оны II улирал

2017 оны сүүлч, 2018 оны эхэнд шар нунтгийн зах зээлийн үнийн буурах хандлагатай байсан бол 2018 оны II улиралд үнийн өсөлт ажиглагдаж эхэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1 фунт шар нунтаг 22.80 ам.доллар (1 кг нь 50.33 ам.доллар) байгаа нь улирлын эхэн үеэс 15 хувиар өссөн байна. Харин урт хугацааны гэрээний үнэ улирлын турш 3.33 хувиар буурч 06 дугаар сарын байдлаар 1 фунт шар нунтагийн үнэ 29 ам.доллар (1 кг нь 64.02 ам.доллар) байна.    

            Шар нунтгийн зах зээлийн үнэ энэ оны II улиралд мэдэгдэхүйц өсөөгүй ч улс орнууд цөмийн эрчим хүч ашиглах хөтөлбөрөө өргөжүүлэх, дахин эхлүүлэхээр ажиллаж байгаа тул үнэ өсөх нь зайлшгүй юм гэж ажиглагчид үзэж байна.

Нийлүүлэлт

            Үнэ бага байгаатай холбогдуулан олборлолтоо бууруулах хандлага үргэлжилж байгаа учир II улиралд шар нунтгийн нийлүүлэлт буурсан үзүүлэлттэй байна. Шар нунтгийн гол олборлогчид болох Казахстан, Канад Улс нь 2017 оны сүүлч, 2018 оны эхээр олборлолтоо огцом бууруулсан билээ. Тухайлбал уран нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Казатомпром компани нь ирэх 3 жилд олборлолтоо 20 хувь бууруулахаа мэдэгдсэн юм.

            Канад Улсын Камеко корпораци 1 дүгээр сард McArthur River уурхай болон Key Lake боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн. Уурхай болон боловсруулах үйлдвэрийг 10 сар зогсоох бөгөөд энэ хугацаанд 28-30 сая фунт (ойролцоогоор 13.6 мянган тонн) шар нунтгийг одоо хадгалагдаж буй нөөцөөсөө борлуулахаар төлөвлөжээ.  

            “Ураны зах зээл эрэлтээс давсан нийлүүлэлт, зах зээлийн өөрчлөлтийн шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа, компани орлогын хэмжээгээр ногдол ашиг хувааж байгаа, түүнчлэн бидэнд үлэмж хэмжээний түүхий эдийн нөөц бий зэрэгтэй уялдан McArthur River уурхайн олборлолт, Key Lake боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй юм” гэж Камеко корпорацийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Тим Гитзел хэлжээ.         

            Зах зээлийн нөхцөл байдлын талаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн уран олборлолтын мэргэжилтэн Брэтт Молдован “Сүүлийн жилүүдэд ураны хүдрийн баяжмалын нөөц ихэссэн нь үнийн уналтыг дагуулсан. Олборлолт нэмэгдэж, эрэлт буурсны улмаас дээрх нөхцөл байдал үүссэн. Олон уурхайнууд өнөөдрийн ураны үнээр олборлолт явуулах нь тэдний хувьд эдийн засгийн хувьд сорилт юм” гэжээ.

            Ирэх 10 жилд эрэлт нэмэгдсэнээр ураны үнэ өсөхөд нөлөөлөх бөгөөд өндөр үнэ нь уран олборлогчдыг шинэ төсөл эхлүүлэхэд хүргэж болох юм.  

            Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх геологич, ашигт малтмалын хайгуулын эдийн засгийн мэргэжилтэн Микки Фулпын үзэж буйгаар II улиралд үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Казахстан Улс энэ онд олборлолтоо 64.5 сая фунтээс (29.2 мянган тонн) 56 сая фунт (25.4 мянган тонн) болгон бууруулах болсон нь хамгийн хүчтэй нөлөөлсөн гэжээ. Түүнчлэн ямар нэг компани 600,000 фунт (272 тонн) шар нунтгийн худалдан авалт хийхэд л үнийн өсөлтөд нөлөөлөх боломжтой гэдийг онцолжээ.       

Эрэлт

Фукушимагийн газар хөдлөлт болон түүний дараах хямралын үе буюу 2011 оны 3 сараас хойш шар нунтгийн үнэ 70 гаруй хувь унасан. Япон Улсын 54 реакторын 4 нь газар хөдлөлтийн үр дагаварт шууд өртсөн бөгөөд үлдсэн 50 реакторыг унтраахаа амлаж байсан юм. Тус улс бүх реактороо унтрааж байх зуур ураны эрэлт суларч үнэ буурсаар байлаа.  

Харин 7 жилийн дараа Япон улсын хувьд цөмийн эрчим хүч чухал үүрэгтэйг онцолж, реакторуудаа дахин ажиллуулж эхэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тус улсын Цөмийн хяналтын хорооноос 15 реакторыг дахин ажиллуулах зөвшөөрөл олгоод байгаагаас 9 реактор ажиллаж байна.

Япон Улс 2030 он гэхэд эрчим хүч үйлдвэрлэлийн 22-24 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, 20 гаруй хувийг цөмийн эрчим хүчнээс гаргаж авахаар төлөвлөөд байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 30 улсад 451 реактор ажиллаж байгаа ба 58 реактор шинээр барьж байна. Дээрх реакторууд ажиллаж эхлэхэд шар нунтгийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

ОУАЭА-аас гаргасан таамаглалаар 2030 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 18 хувь, 2050 онд 39 хувиар өсөх аж. Цөмийн цахилгаан эрчим хүчний нийт хүчин чадал 2030 онд 42 хувь, 2050 онд 123 хувиар өснө гэжээ.

Энэ оны 1 дүгээр сард АНУ-ын томоохон уран олборлогч 2 компани Худалдааны яамандаа ураны нийлүүлэлт нь үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар мөрдөн шалгах хүсэлт гаргасан бөгөөд тус улсад нийлүүлж буй ураны 25 хувийг дотооддоо олборлосон байхаар хуульчилж өгөхийг Засгийн газартаа уриалжээ.  

Өнөөдрийн байдлаар тус улсын ураны хэрэгцээний 40 хувийг Казахстан, Орос, Узбекистан улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд нийлүүлж байгаа ба 5 хүрэхгүй хувийг дотоодын олборлогчдоос авч байна.

Цаашдын чиг хандлага

АНУ дэвшилтэд цөмийн хөтөлбөр, судалгааны төслүүдийг санхүүжүүлж буй, мөн дээр дурдсан ураны нийлүүлэлтэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг Засгийн газартаа тавьсан зэргээс үзэхэд тус улсын уран олборлолт нэмэгдэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Үр дүнд нь дэлхийн хэмжээнд олборлох ураны хэмжээ нэмэгдэх боломжтой юм.

АНУ-д бүртгэлтэй санхүүгийн Slightline компаний таамагласнаар шар нунтгийн зах зээлийн үнэ 2018 оны 12 сард 1 фунт нь 37.50 ам.доллар (1 кг нь 82.8 ам.доллар), урт хугацааны гэрээний үнэ 1 фунт нь 44.50 ам.доллар (1 кг нь 98.2 ам.доллар) болох ажээ.

Эх сурвалж: https://investingnews.com