(2018-05-23 03:39:00)

Цацраг идэвхт ашигт малтмал олборлох аргууд – цуврал 01

Цацраг идэвхт ашигт малтмал олборлох аргууд – цуврал 01

Цацраг идэвхт ашигт малтмал буюу уран нь манай гариг дээр түгээмэл байдаг байгалийн цацраг идэвхтэй металл бөгөөд дангаараа оршдоггүй. Ураны кларкийн тоо (дэлхийн цардаст орших элементийн дундаж агууламжийг илтгэх тоо) нь 2.5 мг/кг байдаг ба байгальд алтнаас (алтны кларкийн тоо нь 0.04 мг/кг) дунджаар 62 дахин элбэг юм. Мөн уран хад чулуу болоод тэнгис далай, гол мөрний усанд хүртэл ямар нэгэн хэмжээгээр агуулагдаж байдаг ба хүний биед 90-150 микрограмм байдаг аж. Ураны уурхайд хүдрийг олборлож, тээрэмдэж нунтаглаад, уусгах аргаар 60-80 хувийн агууламжтай ураны исэл буюу хүдрийн баяжмал гарган авч цөмийн түлшний үйлдвэрлэлд ашигладаг.

            Чулуун нүүрс, газрын тос зэргийг шатааж эрчим хүч, дулаан гаргаж авахад агаарт их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), азотын ислүүд, хүхрийн давхар исэл ялгардаг бөгөөд эдгээр нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна. Харин цөмийн эрчим хүчийг ашигласнаар дээрх хорт нэгдлүүдийг агаарт ялгаруулахгүй байх, цаашлаад дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.

            Өнөөдрийн байдлаар ураныг ил уурхай, гүний уурхай, газрын дор уусган олборлох гэсэн үндсэн 3 аргаар олборлож байна.