(2018-05-23 03:39:00)

Мэдээ

ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци “Орос Улсын загвар бүхий Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвүүд” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа

ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци “Орос Улсын загвар бүхий Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвүүд” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар зохион байгуулагдсан “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний үеэр Росатом улсын корпораци “Орос Улсын загвар бүхий Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвүүд” сэдэвт семинарыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны оролцоотойгоор 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Тус семинарыг 2018 оны 02 дугаар сард Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын Атомын энергийн Росатом улсын корпораци хооронд “Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд төв байгуулах хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагааны талаар, бусад улс орнуудад хэрэгжүүлсэн “Росатом” корпорацийн туршлагыг танилцуулах ажлуудыг зохион байгуулсан.

Арга хэмжээнд Цөмийн энергийн комиссын гишүүд болон Ажлын албаны удирдлагууд, цөмийн салбарын эрдэмтэд, судалгаа шинжилгээ, анагаах ухаан, аж үйлдвэрийн салбарын холбогдох мэргэжилтнүүд болон “Росатом” корпорацийн охин компани болох Русатом Оверсиз ХК-ийн төлөөлөгч зэрэг 50 гаруй хүн оролцлоо.

Монгол улсын Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав семинарыг нээж үг хэлэхдээ: “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн замын зураглалыг боловсруулж, улмаар төвийг байгуулснаар судалгаа-боловсруулалтын суурь баазыг бий болгох, цөмийн салбарын хүний нөөцийн хөгжүүлэх, цөмийн технологийн хэрэглээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм- эдийн засгийн хувьд нэн ач холбогдолтой  бүтээн байгуулалт болох юм. ЦШУТТ-ийн хэрэгцээ шаардлага, зорилго, ашиглалт болон бусад холбогдох мэдээллийг танилцуулах зорилгоор энэ удаагийн семинарыг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна. Манаы хоёр улсын хооронд өдгөө хадгалж ирсэн цөмийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу, цаашид бүр илүү өргөн цар хүрээнд бататган хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Русатом Оверсиз ХК-ийн Судалгааны реакторын асуудал хариуцсан захирал Дмитрий Высоцкий хэлэхдээ: “ЦШУТТ байгуулах нь хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд томоохон ач холбогдолтой үйл хэрэг юм. ЦШУТТ байгуулснаар Монгол улсад шинээр олон тооны ажлын байр бий болох төдийгүй анагаах ухаан, аж үйлдвэрийн зориулалттай цацраг идэвхт изотоп үйлдвэрлэх, уул уурхайн технологийг шинэ түвшинд хөгжүүлэх боломжууд нэмэгдэнэ.” хэмээн онцолсон.

Семинарын үеэр “Росатом” Корпораци, Русатом Оверсиз ХК-ийн мэргэжилтнүүд ЦШУТТ-ийн байгууламж, хүний нөөц, ашиглалтын технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий илтгэлүүдийг салбарын мэргэжилтнүүдэд танилцуулсан.

Нэмэлт мэдээлэл

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 245 гаруй судалгааны реактор ажиллаж байгаа бөгөөд ОХУ-д 58 нь ажиллаж байна. ОХУ цөмийн шинжлэх ухааныг 70 гаруй жилийн турш хөгжүүлж ирэхдээ 50 гаруй оронд 120 гаруй судалгааны реакторыг бариад байна.