(2018-05-23 03:39:00)

Мэдээ

Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Цөмийн энергийн комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн  1 дүгээр хуралдаанаар “Цацраг идэвхт ашигт малтмалыг, олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” –ийг 01 дүгээр тогтоолоор баталсан.

Цөмийн энергийн комиссын “Дүрэм батлах тухай” 01 дүгээр тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн  3905 дугаарт 2018 оны 05  дугаар сарын 17-ны өдөр бүртүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Дүрмээр цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах цацрагийн аюулгүй ажиллагааны тусгай шаардлага, цацрагийн аюулгүй ажиллагааны үнэлгээ, хөтөлбөрийн агуулга, болзошгүй цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөлт, бэлэн байдал болон дотоод хяналт, нөхөн сэргээлт, мониторинг хийх шаардлагуудыг тогтоож өгсөн.

Цацрагийн аюулгүйн тусгай шаардлагуудыг тогтоосноор ураны олборлолт боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлж,  цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, туршилтын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсч болзошгүй ослын эрсдэлийг бууруулж, ирээдүйд учирч болзошгүй цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх төдийгүй хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү дүрмийн шаардлагыг цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт,туршилтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд заавал дагаж мөрдөнө.

Цацраг идэвхт ашигт малтмалыг, олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” –ийг манай цахим хуудасны Хууль, эрх зүй хавтасны дүрэм, журам цэсээс авч ашиглана уу.