Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Гадаад мэдээ

Цөмийн эрчим хүчний станцуудыг хааснаас үүдэн гарах үр дагаврын тухай тайлан гарчээ

“Brattle Group”-ийн гаргасан тайланд АНУ-ын Охайо, Пеннсилвани мужид орших цөмийн эрчим хүчний 4 станцын үйл ажиллагааг зогсоосноор нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт ихэсч, агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэнэ гэжээ. Түүнчлэн орон нутагт цахилгаан эрчим хүчний үнэ өсөх, хэдэн мянган ажлын байр үгүй болох сөрөг үр дагавартай тухай дурджээ.

Эрчим хүчний бөөний зах зээл дээрх үнийн өрсөлдөөнд цөмийн эрчим хүчний станцын байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөллийг тооцохгүй байгаагийн улмаас эзэмшигч компанийн зүгээс дээрх 4 станцыг хаах тухай мэдээлсэн байна. “First Energy Solution” компанийн саяхны мэдээлэлд ирэх 3 жилд муж улс болон холбооны улсын дэмжлэггүйгээр Beaver Valley, Davis-Besse, Perry станцуудыг унтраах бол Three Mile Island-ийг 2019 онд унтраана гэжээ.

“Brattle”-ийн удирдлагууд болох Дин Мөрфи, Марк Беркман нар станцуудыг хааснаар байгаль орчин, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг Охайо, Пеннсилвани станцуудын нөлөөллийг тооцоолсон өмнөх ажил дээр тулгуурлан  гаргажээ. “Охайо, Пеннсилвани дахь цөмийн эрчим хүчний станцуудыг хаах тухай мэдэгдлийн үр нөлөө” нэртэй тайлан нь 2018 оны 04 дүгээр сарын 16-нд нийтлэгдсэн бөгөөд олон нийт болон бодлого тодорхойлогчдод цөмийн энергийн ашиг тусыг танин мэдүүлэх зорилго бүхий “Nuclear Matters” нийгэмлэг захиалж хийлгэсэн байна.

Цөмийн эрчим хүчний станцуудын үйл ажиллагааг зогсоосноор жил бүр 21 сая тонн нүүрс хүчлийн давхар исэл агаар мандалд цацагдана гэж тайлан боловсруулагчид тооцоолсон байна. Мөн хүхрийн давхар исэл, азотын исэл болон агаар бохирдуулагч бусад тоосонцрын хэмжээ жил бүр хэдэн мянган тонноор ихсэх ба үр дагавар нь жил бүр 170 сая ам.доллараар хэмжигдэх нийгмийн хамгааллын асуудал гарах тухай дурджээ. 

Харин эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн хувьд цахилгаан эрчим хүчний үнэ Охайо мужид 400 сая ам.доллар, Пеннсилвани мужид 285 сая ам.доллар, бүс нутгийн хэмжээнд 1.5 тэрбум ам.доллароор тус тус нэмэгдэх ба 3000 гаруй шууд ажлын байр, үүнтэй уялдуулан мянга гаруй шууд бус ажлын байр үгүй болно. Түүнчлэн орон нутгийн төсвийг бүрдүүлдэг татварын орлого хэдэн арван сая ам.доллароор хумигдах тооцоо гарчээ.

“Тус тайлангаас цөмийн эрчим хүчний станц нь байгаль орчин, эдийн засагт эерэгээр нөлөөлдгийг бодлого тодорхойлогчид анхааралдаа авах шаардлагатай байгааг харж болно. Охайо, Пеннсилвани мужийн эрчим хүчний ирээдүйн талаар шийдвэр гаргахдаа дээрх 4 станцыг хааснаар учирч болох эдийн засаг, байгаль орчны эрсдэлийн тухай асуудлыг дагалдуулан судлах шаардлагатай” гэж тус тайлан боловсруулагчид мэдэгджээ.

“Бид Охайо, Пеннсилвани мужийн эрчим хүчний сүлжээний тодорхой хэсгийг бүрдүүлдэг, цаг агаарын онцгой нөхцөлд ард иргэдийг найдвартай эрчим хүчээр хангаж байгаа дээрх 4 станцыг хаалгуулахгүй байх арга хэмжээ авах нь зайлшгүй асуудал болоод байна” гэж “Nuclear Matters” нийгэмлэгийн зөвлөх, АНУ-ын сенатч асан Жуд Грэг хэлсэн байна.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/EE-Report-highlights-impact-of-US-nuclear-plant-closures-1704185.html