БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Турк Улсын Ерөнхийлөгч Речеп Тайип Эрдоган нар “АККУЮ” ЦЭХС-ын барилгын ажлыг эхлүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Турк Улсын Ерөнхийлөгч Речеп Тайип Эрдоган нар  “АККУЮ” ЦЭХС-ын барилгын ажлыг эхлүүлжээ

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Турк Улсын хамгийн анхны цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) болох “АККУЮ” ЦЭХС-ын барилгын ажлыг ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци эхлүүлсэн байна.

Тус ЦЭХС-ын барилгын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Речеп Тайип Эрдоган нар видео ярилцлагаар оролцжээ.

Энэхүү нээлтэд зориулж В.Путин хэлэхдээ:

“АККУЮ” ЦЭХС-ын нэгдүгээр байгууламж 2023 онд ашиглалтад орох болно. “АККУЮ” ЦЭХС-ыг барих төслийн үр дүнд Турк Улсад шинэ, орчин үеийн, өндөр цалинтай ажлын байр болон дэвшилтэт технологийн хөгжил бий болно. Мөн инженерийн шийдэл сайтай, эдийн засгийн үр ашигтай, сайн технологийг барилгын ажилд ашиглана. Түүнчлэн аюулгүй ажиллагааны өндөр стандарт, хүрээлэн буй орчны хатуу шаардлагын дагуу ажиллаж 2023 он гэхэд Турк Улс тус ЦЭХС-ыг ажиллуулж үр шимийг хүртэх болно гэдэгт би итгэлтэй байна гэжээ. Мөн тэрээр энэхүү үйл явдал нь Туркийн эдийн засгийн хөгжилд шинэ алхам болж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүллээ хэмээн онцлон хэлжээ.

Турк Улсын ерөнхийлөгч Речеп Тайип Эрдоганий цохон тэмдэглэснээр 2023 онд “АККУЮ” ЦЭХС ашиглалтад орох жил Турк Улс тунхагласны 100 жилийн ой тохиолдох юм. ЦЭХС-ыг ажиллуулж эхэлснээр Турк Улс ЦЭХС-тай улс орнуудын шинэ гишүүн болно. “АККУЮ” ЦЭХС ашиглалтад орсноор нийт эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангана хэмээн тооцоолжээ.

Хоёр улсын удирдагчид айлчилсны дараагаар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдож тус байгууламжийн 1-р реакторыг барих барилгын ажил ийнхүү эхэлжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, хөдөлмөрчид, сургуулийн сурагчид, орон нутгийн засаг захиргаа, холбогдох яам агентлагийн төлөөлөгчид, сэтгүүлч, бизнесийн хамтрагчид болон “Росатом” улсын корпорацийн төлөөлөгчдөөс бүрдсэн 500 гаруй хүн оролцжээ.

Энэ үйл явдлын талаар “Росатом” улсын корпорацийн Ерөнхий захирал Алексей Лихачев хэлэхдээ: “Росатом” улсын корпораци нь олон улсын аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн 3+ үеийн VVER-1200 төрлийн дөрвөн реактораас бүрдсэн аюулгүй, найдвартай ЦЭХС барих болно гэжээ. Энэхүү шинэ үеийн реакторын технологийг Нововоронежийн ЦЭХС-ын 6-р реакторт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж эхэлсэн бөгөөд энэ оны 02 дугаар сард Ленинградын ЦЭХС-д 1-р реакторыг барих ажлыг эхлүүлжээ.

“АККУЮ” ЦЭХС нь ОХУ, Турк Улсын хамтын ажиллагааны хоорондох томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл хэмээн Лихачев онцлон хэлжээ. Мөн тэрээр “төсөл төлөвлөгөөний дагуу, Туркийн түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллаж төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцолж байна” гэдгээ илэрхийлжээ.

Төслийг хэрэгжүүлэгч компани болох “Аккую цөм” ХК нь Туркийн Атомын энергийн газраас “АККУЮ” ЦЭХС барих тусгай зөвшөөрлийг 03 дугаар сарын сүүлээр авсан байна.

Нэмэлт мэдээлэл:

“АККУЮ” ЦЭХС-ын барилгын ажил нь ОХУ, Турк Улсын хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн том төсөл юм. АККУЮ цөмийн цахилгаан станцын ашиглалтын нийт хугацаа нь 60 жил бөгөөд үүнийг 20 жилээр сунгах боломжтой юм.

“АККУЮ” ЦЭХС нь Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Олон улсын цөмийн аюулгүй ажиллагааны зөвлөх групп болон Европын холбоо зэрэг олон улсын цөмийн нийгэмлэгүүдийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаж байна.  

“АККУЮ” ЦЭХС-ын төслийн ажлыг Туркийн Эрчим хүчний яам, Байгалийн нөөцийн яам болон бие даасан зохицуулагч байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.                                                  

Эх сурвалж: http://www.rosatom.ru/en/press-centre/news/presidents-of-russia-and-turkey-vladimir-putin-and-recep-tayyip-erdo-an-kicked-off-large-scale-const/