(2018-05-23 03:39:00)

Гадаад мэдээ

Япон Улс 7 дахь реактораа дахин ашиглахаар боллоо

Япон Улс 7 дахь реактораа дахин ашиглахаар боллоо


Японы “Кюшү”эрчим хүчний компани нь Сага мужид байрлах Гэнкай цөмийн эрчим хүчний станцын III реакторыг дахин ашиглалтад оруулахаар болжээ.  Арилжааны зориулалттай энэхүү реакторыг ирэх 04 дүгээр сард үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар төлөвлөсөн байна.

1,180 МВт чадалтай Гэнкай III  реакторыг 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар төлөвлөж байсан ч турбин болон засварын үйл ажиллагааны улмаас дээрх хугацаа түр хойшилжээ.

2013 оны 07 дугаар сард тус байгууллага нь Япон Улсын Цөмийн хяналтын байгууллага (NRA)-д Гэнкай III болон IV реакторыг дахин ашиглалтад оруулах хүсэлт гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сард NRA нь Гэнкай III реакторын хяналтын шинэ стандарттай танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Сага мужийн Засгийн газрын хуралдаанаар тус байгууламжийг дахин ашиглах тогтоолыг баталж, 04 дүгээр сараас ашиглаж эхлэх зөвшөөрөл олгожээ.

Цөмийн хяналтын байгууллага тус реакторын үйл ажиллагаанд урьдчилсан хяналт, шалгалт хийх ажлын хүрээнд реакторын тоног төхөөрөмж аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд 02 дугаар сарын 16-ны өдрөөс Гэнкай III реакторын түлшийг ачааллуулж эхэлсэн байна.

Япон Улс нь Фүкүшимагийн ослоос хойш 42 реакторын үйл ажиллагааг түр зогсоосон ба Япон Улсын Засгийн газар үндэсний цөмийн эрчим хүчний станцуудаа дахин сэргээх чиглэл баримталж байна. Генкай III реакторын хувьд цөмийн хяналт, аюулгүй ажиллагааны стандартаар баталгаажсан, үйл  ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах шаардлагад нийцсэн 7 дахь реактор юм. Одоогоор Япон Улсад Кюшү компанийн Сэндай I, II реактор, Шикокү компанийн Иката III реактор, Кансай компанийн Такахама III, IV реактор болон Охи III реактор ажиллаж байна.

2030 онд Япон Улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20-22 хувийг цөмийн эрчим хүчнээс,  үүнтэй ижил хэмжээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авна хэмээн тооцоолжээ. Японы эрчим хүчний бодлогын дагуу 27 хувийг шингэрүүлсэн байгалийн хий, 26 хувийг нүүрс, үлдсэн 3 хувийг газрын тосноос гарган авахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/C-Seventh-Japanese-reactor-restarted-2303185.html