(2018-05-23 03:39:00)

Гадаад мэдээ

Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар БНХАУ АНУ-ыг ардаа орхиж цөмийн эрчим хүчний хамгийн том гүрэн болно

Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар БНХАУ АНУ-ыг ардаа орхиж цөмийн эрчим хүчний хамгийн том гүрэн болно

Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар БНХАУ цөмийн эрчим хүчний чадамжаа дараагийн 20 жилийн хугацаанд гурав дахин нэмэгдүүлж 2030 он гэхэд АНУ–ыг ардаа орхиж дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч болно.

Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол хэлэхдээ “Хятад улс хүчирхэгжиж байна. Өнөөгийн байдлаар 60 орчим цөмийн цахилгаан баригдаж байгаагийн гуравны нэг нь Хятадад баригдаж байна” гэжээ.

АНУ 1960-аад оноос хойш цөмийн эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч улс байсаар ирсэн хэдий ч энэхүү байр сууриа алдахад хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт цөмийн эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх үйл ажиллагаа маш бага хийгдсэн, хоёрдугаарт одоо байгаа цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг сунгаагүй.

АНУ нь цөмийн эрчим хүчний зарим реакторынхаа ажиллах хугацааг сунгах замаар 80 жилийн турш тасралтгүй ажиллуулах шаардлагатай байгаагаа саяхан мэдэгдсэн. Энэхүү хүсэлт нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний цөмийн аж үйлдвэрийг сэргээн босгох санаачилгын нэг хэсэг юм. Энэ нь сайн алхам хэдий ч араасаа олон асуудал дагуулж байна. Биролын тайлбарлаж байгаагаар, хэрэв энэ хандлага тасралтгүй үргэлжилбэл АНУ-ын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь 20-оос 7 хувь хүртэл буурна гэжээ.

БНХАУ хийснээсээ суралцаж, зардлаа бууруулдаг бөгөөд бусадтай харьцуулахад илүү зардал багатай өөрсдийн технологийг экспортлоход бэлэн болоод байна. Тэд АНУ, Япон, Солонгос болоод Европын улс орнуудын нэгэн адил экспортлогч орон болохыг зорьж байна хэмээн Бирол хэлжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолж байгаагаар Хятад Улс 2016 оны 1,625 ГВт хүчин чадлыг 2040 он гэхэд 3,188 ГВт хүчин чадал болгож нийт эрчим хүчний үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөхөөр төлөвлөөд байна.

Мөн Хятад Улс нь агаарын бохирдолтой тэмцэхээр “тэнгэрээ эргүүлэн хөх болгох” санаачилгыг эрчимтэй эхлүүлээд байна. Биролын үзэж байгаагаар энэхүү санаачилгыг эрчим хүчний зах зээлийг бүрэн өөрчлөх гол шилжилт гэж үзэж байгаа бөгөөд “Хятад өөрчлөгдөхөд бүх зүйл өөрчлөгддөг” хэмээн тэмдэглэжээ.