(2018-05-23 03:39:00)

Мэдээ

Нью АРЕВА групп нэрээ “Орано” болгож өөрчиллөө

Нью АРЕВА групп нэрээ “Орано” болгож өөрчиллөө

Арева компани өнгөрсөн 12 дугаар сард цөмийн реакторын бизнесийн нэгж болох Нью Эн Пи (хуучнаар Арева Эн Пи бөгөөд энэ оны эхээр нэрээ сольж Фраматом болсон) компанийг Францын Эрчим хүч ТӨХК (EDF), Японы Мицүбиши корпораци, олон улсын инженерийн үйлчилгээний зөвлөх компани болох Ассистем компаниудад худалдан шилжүүлэх ажиллагааг эцэслэсний дараа Нью Арева групп нь  2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Орано хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулах боллоо.

Орано хэмээх нэрийг “уран”-ы нэршлээс санаа авч сонгосон ба угтаа энэхүү нэр нь Ouranos буюу эртний Грекийн тэнгэрийн бурхан Уран (хожмоо Ромын домогт Uranus хэмээн өгүүлэгддэг)-ы нэртэй холбоотой билээ. Анх 1781 онд Тэнгэрийн ван гаригийг нээхдээ Uranus хэмээн нэрлэсэн ба удалгүй 1789 онд Германы химич Мартин Хенрих Клапрот уурхайгаас авчирсан чулуулгийг судалж байгаад ураныг нээн илрүүлж түүнийгээ саяхан нээгдээд байсан нарны аймгийн гаригийн нэрээр Uranium буюу уран хэмээн нэрлэсэн билээ. Мөн “О” үсэг группын үйл ажиллагааны үндсэн чиглэл болох цөмийн түлшний циклийн тойргийг, түүнийг тойрсон хэд хэдэн дугуй шугам нь өсөн нэмэгдэх шинэ санаа, бүтээл, зогсолтгүй өсөлт хөгжлийг, шар өнгө нь эрчим хүч, үндсэн түүхий эдийг бэлгэдэж байгаа ажээ.

Цөмийн материалын боловсруулалт, цацраг идэвхт хаягдлын менежмент, ураны олборлолт, боловсруулалт, цөмийн түлшний дахин боловсруулалт, цөмийн ложистик, реакторыг ашиглалтаас гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус групп нь 16,000 ажилтантай, жилийн 4 тэрбум еврогийн ашиг орлоготой ажилладаг.

Тус компанийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө дараах 3 үндсэн зорилтод суурилсан: 2020 онд жилийн ашгийн 30 хувийг Ази тивээс бүрдүүлдэг болох (одоо 20 хувь байгаа), 2018 онд мөнгөний урсгалыг эерэг түвшинд хадгалах,  2020 он гэхэд ажилчдын талаас илүү хувийг үйлчилгээний үйл ажиллагаанд томилон ажиллуулах зэрэг юм. Мөн 2018-2025 оны хооронд өөрсдийн үйлдвэрлэдэг цөмийн байгууламжийн шинэчлэхэд нийт 1,8 тэрбум евро зарцуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Орано группын гүйцэтгэх захирал Филипп Кнох хэлэхдээ “Орано нь аливаа шинэ эхлэлийг бэлгэддэг. Бид хэдэн жилийн өмнөөс эхлэн одоогийн өөрчлөлт шинэчлэлтэд бэлтгэж эхэлсэн ба байгууллагын бүтцийг шинэчилж, бизнес төлөвлөгөө, стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө, нийгмийн харилцаа зэргийг бүгдийг шинэчлэн боловсруулаад байна. Эдгээрийн үр дүнд бид өөрсдийн шинэ дүр төрхийг бий болгосон юм” хэмээжээ.

Мөн тэрээр “Бидний шинэ нэр бидний итгэл үнэмшлийг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүчний эх үүсвэр бөгөөд түүнийг ашигласнаар олон ажлын байрыг шинээр бий болгох боломжтой зэрэг олон давуу талтай ирээдүйтэй салбар юм. Бидэнд ирэх 10 жилийн дотор Ораног цөмийн материал үйлдвэрлэл, дахин боловсруулалт, хаягдлын менежментийн чиглэлээр салбартаа тэргүүлэгч нь болгох хүчтэй хүсэл эрмэлзэл бий. Цөмийн энергийг байж болох бүхий л хүрээнд үр ашигтай ашиглах хүчин чадал бий гэдэгт бид итгэл дүүрэн байгаа” хэмээсэн юм.