Цөмийн энергийн комиссын Ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос [Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж]–ийг нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. (2020-05-21 04:00:00)

"ЦӨМИЙН ЭНЕРГИ- МОНГОЛ УЛС" ФОРУМААС ГАРГАСАН УРИАЛГА

Цөмийн энергийн газар нь төр улс, түмэн олныхоо хөгжил дэвшлийн төлөө цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилтыг эрхэм зорилгоо болгон төрийн захиргааны байгууллагынхаа нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллалаа.
 
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөмийн энергийг ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах зорилтыг хэрэгжүүлэх талаар үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
 
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад Цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгааны анхны төслийн ажлыг Монгол Улсын шинжлэх ухааны ноён оргил болсон академич, эрдэмтэн мэргэд, судлаачид, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хийж гүйцэтгэж байна. Энэ ажлыг шинжлэх ухаан, боловсрол, эрчим хүч, геологи уул уурхайн төрийн бодлоготой нягт уялдаатайгаар тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
 
Төсөлт ажлын хүрээнд Эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтууд, Хээрийн судалгааны ажилд дүгнэлт өгөх “Их хуралдай”, үйл ажиллагаагаа өргөн олонд танилцуулсан үзэсгэлэн, Монгол Улсад цөмийн технологи ашиглаж байгаа байгууллагуудын олон арван эрдэмтэн, судлаач, төлөөлөгчид оролцсон “Монгол Улсад Цөмийн энергийг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай явуулж, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг- Цөмийн энергийн газар эрхэм зорилгоо хэрэгжүүлж байгаагаа тайлагнах “Цөмийн энерги - Монгол Улс” форумыг зохион байгууллаа.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙГ ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГУУР БОЛГОХООР АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАН ЭНЭХҮҮ УРИАЛГЫГ ГАРГАЖ БАЙНА. 
 
1. Уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа дэлхийн дулаарал, цөлжилт, хүрээлэн буй орчны бохирдол, түлш эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж, хомсдол үүсч байгаа байдал, үнийн өсөлт зэрэг нийтлэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх олон арга замын нэг болох эрчим хүчний найдвартай эх үүсвэр - цөмийн энергийг манай оронд ашиглах нь зүйтэй гэж үзэж байна.
 
2. Дэлхийн улс орнуудын хөгжлийн ирээдүй болсон цөмийн энергийн ач холбогдлыг өргөн олноо түгээн таниулж дэлгэрүүлэх, цөмийн технологийг анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, аж үйлдвэр, дэд бүтэц, геологи, уул уурхай, судалгаа шинжилгээний бүхий л салбарт үр ашигтайгаар нэвтрүүлэх, монголын ураны баялгийг хамгийн өндөр үр ашигтайгаар, нэмүү өртөг шингээн эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсын хөгжлийн баталгаа, эдийн засгийн голлох нэг хөдөлгүүр болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
 
3. Тусгаар тогтносон Монгол Улсаа тунхаглан зарласны 100 жилдээ төрт ёсны түүхэн уламжлал, шинэчлэлийг хангаж, төрийн болон төрийн бус байгууллагуудын оюуны чадавхи, бүхий л боломжийг бүрэн нээж, оюун санааныхаа хүчийг нэгтгэн цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглаж, Монгол орныхоо хөгжлийн ирээдүй болгохыг эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой шилдэг чадварлаг мэргэшсэн ажилтнууд, оюутан, залуучууд, түмэн олондоо уриалж байна.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИ-МОНГОЛ УЛС ФОРУМД ОРОЛЦОГЧИД
Улаанбаатар хот 2010.12.09-ний өдөр